ДУНДГОВЬ: “Нээлттэй сан хөмрөг” үзэсгэлэнд 170 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-12 17:54:42
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Музейн нээлттэй өдрүүдээр Дундговь аймгийн музей “Нээлттэй сан хөмрөг” үзэсгэлэн гаргаж, таван хошуу мал болон иргэдийн хандивласан 170 гаруй бүтээлийг дэлгэжээ.


“Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-ноос эхэлсэн.


Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд ахуйн хэрэгцээний багаж, шар, цагаан гөлтгөнө, чулуужсан мод, байгаль хамгаалагч асан М.Цэмбэлдоржийн унаж байсан мотоцикл, шээзгий, модон ширээ, сандал, Ардын жүжигчин Н.Дагийранзын өмсөж байсан дээл, хувцас, Хүний гавьяат эмч М.Баянсангийн хэрэглэж байсан эдлэл, засуулч хүүхдийн өмсөж байсан дээл, хүрэл зэв, хэрэглэл, Баянмонгол чуулгын дуучин, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбатын өмсөж байсан хувцас, хэрэглэл, Улсын аварга малчин А.Дамдинжавын хувцас, одон медаль, угсаа залгамжилсан хошуу ноён Ч.Лхамсүрэнгийн эхнэр Говоогийн Нацаг-Юмийн хэрэглэж байсан маш нарийн хийцтэй гоёмсог толь зэрэг сонин содон үзмэрүүдийг дэлгэсэн нь үзэгч олны сонирхлыг татаж байна.


Энэ өдрүүдэд уг үзэсгэлэнг 200 гаруй хүн ирж үзэж сонирхжээ. Музейн нээлттэй өдрүүдээр аймгийн Музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа ба хөтөлбөрийн дагуу “Бяцхан археологчид” клуб байгуулах, 12 жил боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, “Дээлийн товч зангидах” шавь сургалт явуулах ажлыг мөн зохион байгуулж байна. 



















Холбоотой мэдээ