БАЯНХОНГОР: Дахин давтагдахгүй хийц бүхий хос хүрэл морь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-13 13:04:12

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Уулхайрхан гэдэг газраас олдсон хос хүрэл морь нь НТӨ IV-III зууны үед холбогддог. Өөрийнхөө унагыг нуруун дээрээ зогсоосон байдлаар дүрсэлсэн энэ олдвор аливаа зүйлийн эш байх магадлалтай.


Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн логод дүрслэгдсэн энэ олдворыг Готовын Цолмон гэдэг хүн 1980 онд музейд хүлээлгэн өгсөн түүхтэй. Аав нь эл бүтээлийг олоод хүүдээ өв дамжуулан өгсөн гэдэг.

Хос хүрэл морь үзмэрийн хувьд ур хийц дахин давтагдахгүй, монгол оронд өөр олдоогүй байгаагаараа онцлог.


Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянган хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байсан байна. Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг ба МЭӨ III-V зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг нь хос хүрэл морь юм.


Босоо дөрвөлжин суурин дээр давхарлан зогссон дүрслэлтэй хүрэл цутгамал морьдын хэмжээ нь:

     Урт: 6 см 

     Өргөн: 9см

     Өндөр: 8.5 см

     Зузаан: 0.5 см 

     Жин: 177 гр


Дээр нь зогссон морь хэмжээгээр жижиг боловч морьдын нүдийг төвийлгөн нэвт цоолсон, ам нь ангайн үүрсэж буй мэт ижил дүрслэлтэй. 

Холбоотой мэдээ