Улсын начин Э.Батмагнай 2024-25 оны улиралд хоёр дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй гуравдугаар сарын цуврал Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаанаар үргэлжиллээ.
Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв. Э.Батмагнай начны хувьд намрын нээлтийн барилдаанаас хойш хоёр түрүүлж, нэг үзүүрлээд байна.
Тэгвэл дөрөвт Баянхонгор
аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангай”
дэвжээний бөх, начин Х.Цогтгэрэл нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Цэдэнсодном, начин Г.Ганжад, Б.Лхагвадорж нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Ташрамд сонирхуулахад, намрын нээлтээс хойш улс, аймаг, цэргийн цолтнууд оролцсон 16 барилдаан зохион байгуулснаас улсын аварга О.Хангай дөрөв, улсын начин Л.Энхсаруул, Э.Батмагнай нар тус бүр хоёр түрүүлжээ.