Ираны цөмийн асуудлыг Бээжинд хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 14 /RIA Novosti/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх уулзалт өнөөдөр Хятадын нийслэл Бээжин хотод болж, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаошю, Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гариб-Абади нар оролцлоо.
Хэлэлцээний үеэр гурван улсын дэд сайд нар хууль бусаар авсан олон улсын бүх хориг арга хэмжээг цуцлах шаардлагатайг онцолжээ. "Хятад, Орос, Иран улсууд цөмийн асуудал болон хориг арга хэмжээг цуцлах талаар саналаа нухацтай солилцлоо" гэж Ма Жаошю мэдэгдсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, гурван улсын яриа хэлэлцээний явцад Ираны цөмийн хөтөлбөрийн гол асуудлууд болон түүнийг сэргээх боломжит алхмуудыг хөндөн ярилцжээ.
Олон улсын зүгээс тогтоосон хоригийг цуцалсны хариуд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд 2015 онд гарын үсэг зурсан юм. Гэвч 2018 онд АНУ уг гэрээнээс гарч, дахин хориг арга хэмжээ авсны дараа Ираны тал гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах болжээ.
ОХУ нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм. Үүний сацуу, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Техранд илгээсэн гэж гуравдугаар сарын 7-нд мэдэгдсэн бол Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей тулгасан болзлын дагуу яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.