Зайсангийн гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинээр барих гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэсэн. Шинэ гүүр барих ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.
Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил
95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн
тул ажил 100 хувь дуусжээ. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад
оруулах юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө
ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд
2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн
дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн
эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар
баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж
байсан гэж НЗДТГ-ЫН хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.