СЭЛЭНГЭ: Цуврал тэмцээн олс таталт, шатар, дартсаар үргэлжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-15 13:01:27

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа цуврал тэмцээн олс таталт, шатар, дартсын төрлөөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд уламжлал болон явуулдаг тус тэмцээний олс таталтын төрөлд ХЦ-ийн 0101-р анги тэргүүллээ.

 

Тус төрөлд байгууллагын 48 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэргүүн байрыг А.Лхагвадорж ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр анги, удаах байруудад Э.Санчир ахлагчтай Онцгой байдлын газар, Б.Алтанхуяг ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус шалгарлаа.

 

Мөн тэмцээний дартсын төрөлд 12 байгууллагын 40 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Б.Дөлгөөн ахлагчтай Цагдаагийн газрын баг тэргүүлж, О.Гантулга ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг, Г.Адьяасүрэн ахлагчтай Шүүх шинжилгээний газрын баг удаалжээ.

 

Харин шатрын тэмцээнд 11 байгууллагын баг тамирчид оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Б.Мөнхбат ахлагчтай Прокурорын газар тэргүүлж, П.Өсөхбаяр ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр анги, Г.Адьяасүрэн ахлагчтай Тагнуулын газар тус тус удаах байруудад шалгарсан байна.

 

Холбоотой мэдээ