Монголын тамирчид 21 медальтай эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-17 11:39:43

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадам Италийн Турин хотод боллоо.


101 орны 1500 гаруй тамирчин нөхөрлөж, суралцаж, өрсөлдөж хамтдаа спортын үнэ цэнийг мэдэрсэн энэхүү наадам нь найман жилийн дараа болж буйгаараа онцлогтой. Учир нь, 2021 онд ОХУ-ын Казань хотод болох байсан ч цуцлагдсаны улмаас тамирчид наадмаа дахин дөрвөн жил хүлээх шаардлагатай болсон. Тэгвэл Турины наадамд Монголын баг спортын зургаан төрөлд 24 тамирчнаа илгээж, 21 медаль хүртсэн амжилттайгаар эх орныхоо зүг хүлгийн жолоо залав.


Тодруулбал, таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медалиар манай тамирчид энгэрээ мялаасан байна. А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртсэн бол Т.Дэлэгжаргал цасны гуталтай 800 м зайн гүйлт, Т.Солонго цасны гуталтай 25 м зайн гүйлт, Б.Буянтогтох цасны гуталтай 400 м зайн гүйлтийн төрөлд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.


Түүнчлэн Б.Бадамлянхуа, П.Хатансайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн, Ө.Елмырза, Э.Анхзул, М.Энхзаяа, М.Амарболд нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Турины тэнгэр нэжгээд удаа мандуулжээ. Манай тамирчид маргааш өглөө эх орондоо ирэх бөгөөд 07:35 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана. 











Холбоотой мэдээ