Трамп: Путинтэй мягмар гарагт утсаар ярина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-17 14:41:56

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 17 /Politico/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай мягмар гарагт утсаар ярихаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайныг зогсоох саналын талаар В.Путинтэй ярилцах хүсэлтэй байгаа юм.


Амралтын өдрүүдэд олон ажил өрнөлөө. Бид энэ дайныг дуусгаж чадах эсэхээ харахыг хүсэж байна. Бид дайныг дуусгаж чадаж магад, чадахгүй ч байж магадгүй, гэхдээ бидэнд маш сайн боломж бий гэж бодож байна гэж Д.Трамп ням гаргийн орой Air Force One онгоцонд хэлжээ.


Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф өнгөрсөн долоо хоногт В.Путинтэй хэлэлцээ хийхээр Москвад очсоны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Украины тал Саудын Арабад болсон хэлэлцээний үеэр Д.Трампын засаг захиргааны төлөвлөгөөг Москвагаар зөвшөөрүүлэх болзолтойгоор 30 хоногийн хугацаанд байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрсөн юм. В.Путин гал зогсоохыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн боловч хатуу нөхцөлүүдийг тавьсан байна.


В.Путинтэй хийх уулзалтын үеэр ямар зөвшилцлийн талаар ярилцаж болох талаар асуухад Трамп “Бид газар нутгийн талаар ярилцах болно. Цахилгаан станцуудын талаар ярих болно... Бид Украин, Оростой энэ талаар маш их ярилцсан. Бид тодорхой хөрөнгүүдийг хуваах талаар хэдийн ярьж эхэлсэн” гэж хариулжээ. Бямба гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар гал зогсоох саналтай холбоотой “дараагийн алхмуудыг" хэлэлцсэн байна.



Холбоотой мэдээ