Монголын оюутны усны холбоог байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-18 13:17:50

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуучууд чуулж, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Оюутны усны холбоог байгууллаа.


Тус холбоо нь усны нөөц, усны менежмент, усны чанар, хүртээмж, зүй зохистой ашиглах, хэмнэхтэй холбоотой асуудлаар оюутан, залуусын мэдлэгийг дээшлүүлэх, усыг хамгаалах, зөв ашиглах, үнэ цэнийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах оролцоог нэмэх, мэдээ мэдээллээр хангах, төсөл хэрэгжүүлэх зорилготой. Оюутнуудын дунд усны нөөц, усны менежмент, экологи, уул уурхайн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн усны хэрэглээ сэдвээр сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, олон нийтэд эерэг нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Холбооны гишүүд нь ус, байгаль орчны чиглэлээр суралцдаг, сайн дураар эвлэлдэн нэгдсэн оюутнууд байх бөгөөд холбоо нь гишүүдээ олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах, хичээлийн бус цагаар мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, олон улсын дэвшилтэд техник технологийг судлах, мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байраар зуучлах, гадаадад суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөснийг Оюутны усны холбоо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ