ГОВЬ-АЛТАЙ: Алтайн цэргийн хүрээний 200 гаруй алба хаагч тэсвэр хатуужил, ур чадвараараа өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг" шалгаруулах тэмцээний шилдгүүд шалгарлаа.
“Марш-тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг" шалгаруулах тэмцээнийг аймгийн цэргийн штабаас зохион байгуулж, хоёр өдрийн турш үргэлжилсэн юм.
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг угтан хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ юм.
Тэмцээн эхний өдрөө гарааны өмнөх ажиллагаа жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор эхэлсэн бол хоёр дахь өдрөө 10 км марш гүйлт, байрзүйн координат олох, утаат орчинд ажиллах зэрэг 10 гаруй төрлөөр Алтайн цэргийн хүрээний 7 байгууллагын 200 гаруй алба хаагч тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдлөө. Жилээс жилд марш тактикийн тэмцээнд оролцогч алба хаагчдын ур чадвар өсөж, чансаа өндөр болж буйг зохион байгуулагчид онцолж байлаа.


