ДАРХАН-УУЛ: Хувцсаа дахин ашиглаж нэмнээ, бээлий, хурганы уут оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-18 16:30:07

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-ын алба хаагчид малчдад туслах аяныг өрнүүлжээ. Ингэхдээ өөрсдийн хэрэглэдэггүй, өмсдөггүй хувцсаа нэг дор төвлөрүүлэн, угааж ариутган малын нэмнээ хийлгэсэн байна.


Тодруулбал “Clean-up-Darkhan” төслийн хүрээнд “Хувцсаа дахин ашиглая” аяныг амжилттай хэрэгжүүлж хурганы уут, бээлий, нэмнээ, элгэвч оёсон байна.




Өнөөдөр хамтран ажилладаг оёдолчдын урласан  95 нэмнээ, 7 бээлий, 10 хурганы уутыг Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгч малчдад хүргэх тусламжийн багцдаа багтаан илгээхийг хүслээ.


Уг ажлыг Бурхантын бүтээлч бүсгүйчүүд хоршоо, Дархан сумын тавдугаар багийн иргэн Ж.Лхагважав, “Их-Учиг” хоршоо, "Дархан эзний цуглаан" шашны байгууллага хамтран ажиллажээ.




Ташрамд, Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчид дотооддоо ахуйн хэрэглээний хог хаягдлыг багасгах, дахин ашиглах зорилгоор “Clean-up-Darkhan” төслийн хүрээнд “Хувцсаа дахин ашиглая” аяныг амжилттай хэрэгжүүлж байна.


Аяны хүрээнд өмнө нь бээлий үйлдвэрлэж Дархан хотын Хог тээврийн газрын ажилтнуудын хэрэгцээнд нь зориулж бээлий хүлээлгэн өгч байсан бол энэ удаад хаврын мал төллөлтийн үед малчдад нэн хэрэгтэй ишиг, хурганы уут, бээлий, нэмнээ, элгэвч үйлдвэрлэж малчдад хүргүүлэх болсонд Улаан загалмайн хорооны хамт олон төрийн албан хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ.



 

Холбоотой мэдээ