ЗАВХАН: Хэрэглэгчид цэвэр усныхаа төлбөрийг хугацаанд нь төлдөггүй асуудал байсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-20 13:55:52

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын хэмжээнд хоногт 1200 м.куб ундны цэвэр усыг хэрэглэж байна. Цэвэр ус хэрэглэж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 80 гаруй хувь нь сард төлдөг усны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй талаар "Амь ус" ХХК-иас мэдээлэв.


Цэвэр усны хэрэглээний талаарх мэдээллийг "Амь ус" ХХК-ийн лабораторийн ажилтан Л.Должинсүрэнгээс тодрууллаа.

 

-Завхан аймаг хэрэглээний цэвэр усны нөөц хэр байдаг вэ? Аймгийн төвийн хэрэглэгчдэд цэвэр ус түгээдэг хэчнээн цэг байдаг вэ?

-Завхан аймгийн газар доорх усны нөөц нь 1140 сая м.куб, харин гадаргын усны нөөц нь 3160 сая м.куб. Тус аймаг жилд 1700,85 м.куб усыг хүн амын унданд хэрэглэж байна. Харин аймгийн төв, Улиастай сумын хэмжээнд хоногт 1200 м.куб ундны цэвэр усыг хэрэглэж байна. Улиастай сумын хэмжээнд нийт 237 байгууллага, аж ахуйн нэгж, 45 орон сууцны 1701 өрх, гэр хорооллын 5612 өрх цэвэр ус ашиглаж байна.


Эдгээрийн 80 гаруй хувь нь сард төлдөг усны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй асуудал байсаар байна. Манайхаас хэрэглэгчдийн хэрэглэсэн цэвэр усны төлбөрөө цаг хугацаанд нь төлөхийг шаардаж, зарим үед хариуцлагын гэрээ ч байгуулдаг. Гэсэн хэдий ч иргэд, аж ахуйн нэгжүүд жил бүр өр авлага үүсгэсээр байгаа нь харамсалтай юм. Уг нь цэвэр усны төлбөр гэр хорооллын өрхүүд 1л ус 2 төгрөг, шугам сүлжээнд холбогдсон айл өрх 1л ус нь нэг төгрөгийн үнэтэй буюу Монгол Уулсын хэмжээнд хамгийн хямд үнэ тарифтай байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авдаггүй, зөвшөөрөлгүй худаг гаргасан аж ахуйн нэгжүүд ч бий. Эдгээр байгууллагуудад холбогдох журмын дагуу арга хэмжээ авч байгаа.


-Удахгүй дэлхийн усны өдөр болно. Энэ өдрийг угтаж танайхаас ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг дэлхийн усны өдөр нь цэвэр усны үнэ цэнийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахад чиглэдэг. НҮБ-аас Дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” /Glacier Preservation/ уриа дор тэмдэглэхээр зарласан.


Энэ жилийн усны өдрийг угтаж усны хэрэглээгээ зөв зохистой болгож, цэвэр усаа хайрлаж гамнахын ач холбогдлыг хэрэглэгчдэдээ таниулж байна.


Тухайлбал бусад мэргэжлийн байгууллагатай хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын хүүхдүүдэд цэвэр усыг хэрхэн олборлож, ямар замаар хэрэглэгчдэд хүргэдэг талаарх таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн "Цэнхэр алт усаа хайрлая" уриатай усыг хайрлаж хамгаалахын учир шалтгаан, зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг 50 гаруй хүүхдэд таниулах сургалт зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Хамгийн гол нь хэрэглээний цэвэр усыг хэрхэн үр ашигтай зарцуулах хариуцлагын талаарх мэдээллийг хүүхэд залуучууд, иргэдэд таниулах ажлыг хийж байна.


-Цэвэр усны олборлолтын хэмжээ ямар байдаг вэ?

-Завхан аймгийн төв, Улиастай сумын тухайд, ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудад жилд, нийт 365000 м.куб усыг олборлодог. Харин инженерийн шугам сүлжээнд холбогдсон 1530 өрхийг төвлөрсөн шугам сүлжээгээр жилд 256560 м.куб, нийт өрхийн 88,3 хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхөд нийт 21 ус түгээх байранд, автомашинаар цэвэр ус зөөвөрлөн 24 цагийн турш 40180 м.куб цэвэр усыг түгээж байна.


Өнөөдрийн байдлаар ус түгээх 21 цэгийн 6 нь 24 цагаар ажилладаг. Эдгээр цэгт аймгийн Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран сар бүр шинжилгээ хийж байна.


Өөрөөр хэлбэл ундны цэвэр усны орчин, хатуулаг, сульфат, төмөр, нитрат, нитрит, амон гэхчлэн шим бохирдлын үзүүлэлтийг нь хянаж байна. Усны алдагдлыг тоолуураар хэмжин хянаж байна.

Монголчууд хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг. Гэтэл газар доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай юм. Манай улс 2030 он гэхэд цэвэр усны нөөцгүй болно гэж зарласан. Дэлхийн нийт усны ердөө хоёр хувь нь цэвэр ус.


Ус бол амьдралын эх ундарга, амьд байгалийн эрчим. Хэзээ ч дуусашгүй мэт баялаг санагдавч хүмүүс бидний хэрхэн зөв зүйтэй ашиглахаас шууд хамаардаг.


Тиймээс бид ялангуяа өрхүүдийг ашигласан ундны цэвэр усны төлбөрөө цаг тухай бүр нь төлөөсэй гэж хүсэж байна. Ер нь усны хэрэглээг хянах хамгийн чухал хэрэгсэл бол усны тоолуур. Гэтэл манай аймагт усны тоолуурыг бүрэн ашиглахгүй байна.


-Улиастай сумын хэмжээнд усны тоолууртай хэчнээн өрх, аж ахуйн нэгж байдаг вэ? Усны төлбөр нэмэгдэх үү?

-Улиастай сумын хэмжээнд цөөн тооны аж ахуйн нэгж, айл өрхүүд өөрсдөө төлбөрөө төлж усны тоолуур тавиулж, ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 188 аж ахуйн нэгж байгууллага, 732 өрх тоолууртай байна.


Эдгээр хэрэглэгчид өөрсдийн хэрэглээг хянаж, хэрэглэсэн хэмжээгээрээ усны төлбөрийг төлж байна. Тоолууртай өрх, аж ахуйн нэгжүүд усаа хэрхэн зохистой ашиглах талаар мэдлэг сайтай байдаг.


Хэрэглэснээ төлөх хамгийн шударга үйл явц нь энэ юм. Тиймээс өрхүүдийг усны тоолуурыг ашиглахыг байнга зөвлөж байна. Усны төлбөр өнгөрсөн жилээс нэмэгдсэн.


Аж ахуйн нэгжүүд 4500 төгрөг төлдөг байсан бол энэ жилээс аж ахуйн нэгжүүд 1 м.куб нь 6500 төгрөг төлж байна. Улсын байгууллагуудын усны төлбөр нэмэгдээгүй хуучнаараа байгаа.


Мөн өрхүүдийн усны төлбөр ч нэмэгдээгүй байна. Өнөөдөр өрхүүд 1 м.куб нь 1000 төгрөг, задгайгаар нэг ам бүл 13520 төгрөг төлж байна. Гэр хорооллын ус түгээх цэгээс 1 литр усыг хэрэглэгчид 2 төгрөгөөр авч байна. Одоогоор усны төлбөр дахин нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Жил бүр улсын хэмжээнд гол горхи, булаг шанд ширгэж байгаа харамсалтай тоон мэдээллийг иргэн бүр сонсож байгаа. Тиймээс иргэдийг дусаал гоождог цоргоо засаж өдөрт 15 литр ус, жилд 5500 литр усыг хэмнэх. Шүршүүрт орох хугацаагаа гурван минут богиносгож 13000 литр усыг, крантны усаа гоожуулахгүйгээр, аяганд ус тосон шүдээ угааж хэвшсэнээр жилд 6820 литр усыг хэмнэж цэвэр усны хомстолд орохоос сэргийлэх. Усны хэрэглээгээ зөв зохистой болгох, ялангуяа хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухай бүр нь төлж байхыг уриалж байна. 


Холбоотой мэдээ