ТӨВ: Аймгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.9 хувь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт хүн амын 48.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Төв аймгийн эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой тоо баримтыг дурдвал, аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 бол анхны гэрлэлтийн дундаж наслалт 25.6 байна.
Аймгийн хэмжээнд 2024 онд төрсөн нийт хүүхдийн 47.9 хувь нь эмэгтэй. Төв аймгийн эмэгтэйчүүдийн 79.3 хувь нь хөдөө орон нутагт, 20.7 хувь нь аймгийн төвд амьдарч байна. Март нэртэй 14 эмэгтэй, 97 настай болон түүнээс дээш настай 9 эмэгтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.9 хувь байна. Төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүд 100 хувиас 73.7 хувийг эзэлдэг байна. Малчин 7333 эмэгтэй байна.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 48.5 хувь, ерөнхий боловсролын сургуульд суралцсан 48.7 хувь, техник мэргэжлийн сургуульд хамрагдсан 31.6 хувь, их, дээд сургуульд 62 хувь нь хамрагджээ.
Дундаж цалин 2 сая 100 мянган төгрөг байх бөгөөд энэ тоо нь эрэгтэйчүүдийн дундаж цалинтай адил байгаа юм.
Нацагдорж 5-р багийн иргэн О.Хулан хэлэхдээ, Би Зуунмод сумын унаган хүн. Бага багаар аймаг орон нутаг минь хөгжин тэлж байгааг харахад сайхан ч хааяадаа бас харамсах сэтгэл төрдөг. Залуучууд аймагтаа үлдээд ажиллах гэхээр төвд ажлын байр маш бага байдаг. Бас залуусын цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулсан тусдаа газар байдаггүй.