Ираны тал Д.Трампын захидлын хариуг удахгүй илгээнэ гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ, 2025 оны гуравдугаар сарын 21 /TASS/. Дээд удирдагч аятолла Али Хаменейд илгээсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захидлын хариуг удахгүй өгнө гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгджээ.
"Бид дарамт шахалт, сүрдүүлэг, хориг арга хэмжээний нөхцөлд шууд яриа хэлэлцээ хийхгүй нь ойлгомжтой. Яриа хэлэлцээг тэгш нөхцөлөөр явуулах ёстой. Бид ойрын өдрүүдэд Трампын захидалд хариу өгч, зохих сувгуудаар илгээнэ" гэж тэрбээр төрийн мэдлийн телевизээр мэдэгджээ.
Арагчи хэлэхдээ, Трампын захидалд “сүрдүүлсэн өнгө аяс бий” гэжээ. Гэхдээ бас боломжууд бий гэдгийг ч дурдсан байсан. Бид сүрдүүлгүүдийг ч, боломжуудыг ч судлах болно" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүч хэрэглэнэ гэж Д.Трамп удаа дараа сүрдүүлжээ. Тэрбээр Иранд дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогод эргэн шилжих тухай зарлигт гарын үсэг зурж, Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Али Хаменей хариуд нь мэдэгдэхдээ, дарамт шахалт дор хэлэлцээ хийхгүй гэжээ.
Цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Али Хаменейд илгээсэн тухайгаа Д.Трамп гуравдугаар сарын 7-нд мэдэгдсэн юм. Ираны удирдагч хариуд нь АНУ зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж байгаа учраас Вашингтонтой хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байна гэжээ. Яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухай Трампын мэдэгдэл бол дэлхийн олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлсэн явдал гэж үзэж байгаагаа Хаменей гуравдугаар сарын 12-нд мэдэгдэл хийхдээ илэрхийлсэн байна. Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болохыг хүсвэл АНУ зогсоож чадахгүй гэж тэрбээр нэмж дурджээ.