Дэлхийн хамгийн урт квант харилцааны шугамыг үүсгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 21 /SCMP/. Хятад, Өмнөд Африкийн судлаачид хямд өртөгтэй бичил хиймэл дагуул болон зөөврийн станцыг ашиглан дэлхий дээрх хамгийн урт квант харилцааны шугамыг үүсгэжээ.
Судлаачид Өмнөд Африкийн Стелленбосийн их сургууль болон Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтдийн удирддаг Бээжин дэх баазын хооронд холбоо тогтоохын тулд Хятадын Жинан-1 квант бичил хиймэл дагуулыг ашиглажээ.
Энгийн шифрлэлтийн түлхүүрийг ашиглан багийнхан хиймэл дагуулаар Хятадын Цагаан хэрэм болон Стелленбоссын их сургуулийн кампусын зургийг 12 900 км-ийн зайд дамжуулсан байна.
“Энэхүү амжилт нь хэд хэдэн бичил хиймэл дагуул хөөргөх, лазер эсвэл бусад оптикийн аргуудыг ашиглан мэдээллийг дамжуулах, хүлээн авах станцуудын сүлжээг бий болгох суурийг тавьснаар квант хиймэл дагуулын сүлжээ байгуулах хугацааг наашлуулж ойртуулна” гэж судлаачид ярьжээ.