Дэлхийн өнцөг булан бүрд Монголын тухай мэдлэгээ хуваалцаж, шавь нараа бэлтгэсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуульд ажиллах үеэрээ Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа.
Тус тэнхим нь 1986 онд байгуулагдсанаасаа хойш Нийгмийн антропологийн тэнхимд харьяалагддаг. Төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна.
Монгол Улс, Кэмбрижийн их сургуультай хамтарсан “Чингис
хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судалгааны тэтгэлэг”-ийг 2024 онд зарласан.
Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран
“Монгол-Кэмбриж” форумыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан билээ.
Тэнхимийн судлаачид одоогоор дөрвөн судалгаан дээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, Хималайн холбоо хамаарал: Хайлж буй мөсөн голууд, Дархан
цаазат газар нутаг ба уур амьсгалын өөрчлөлтөд зохицох хөдөлгөөнт технологи,
Монголын махны худалдаа, үндэсний нэгдэл нь нөлөөлөх нь, Хил дамнан урсдаг
Азийн гол мөрний усны менежмент зэрэг судалгаанд төвлөрч байна. Судлаачид
монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүний нөөцийг бэлтгэх нь чухлыг тэмдэглэсэн
юм.
Кэмбриж хот нь эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, Нобелийн шагналтан, улс төр, шинжлэх ухаан, утга зохиолын нэр хүндтэй 120 гаруй алдартныг төрүүлжээ. Кэмбриж нь шинжлэх ухаан, технологийн салбарт инновацын төв болж, хиймэл оюун, биотехнологи, сансрын технологи зэрэг салбарын тэргүүлэгч судалгааны байгууллага, өндөр технологийн компани, гарааны бизнесүүд төвлөрсөн бүс болохыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.