ДАРХАН-УУЛ: Аймгийн музейд XIX зууны үед хамаарах халх эхнэрийн дээл хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Угсаатан судлалын төрөлд хамаарах Халх эхнэрийн дээл аймгийн музейд хадгалагдаж байна. Хоргой, дурдан торгоор урласан уг дээлийн гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд 1986 онд олсон гэж тэмдэглэгджээ.
Зургаас харахад бүрэн бүтэн байдлыг шууд илтгэх бөгөөд музей үзэж буй иргэдэд зориулж халх дээлийн тухай болон тухайн халх эхнэр дээлийн тухай товч мэдээллийг бичиж тэмдэглэжээ.
Халх эхнэр дээлийн гол онцлог нь мөрний залгааснаас дээш гарсан түнтгэр юм. Түнтгэр мөрийг эсгий болон тэмээний ноос чихэж төмбийлгөн хийнэ. Мөн дэрсэн нумаар тэлнэ. Түнтгэр мөрнийхөө торгыг ширж хийдэг байжээ. XIX-XX зууны үед холбогдох халх эхнэр дээлийг танилцуулбал, түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг байжээ.
Дээлийн урт нь 1.36 см, түнтгэр мөрний урт 16 см, ханцуйны урт 88 см, нударганы урт 24 см. Торго, даалимба, хоргой, өнгийн тууз, улбар шар өнгийн гадартай, түнтгэр мөртэй эхнэр дээл. Энэхүү эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй, энгэр, ханцуй, хормой зэргийг цэцгэн хээтэй хоргойгоор эмжсэн байна. Дээлийн нударга нь цомбон хэлбэртэй.
Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөлтэй, урдаа уулзсан энгэртэй. Уужны урт дээлийн урттай тэнцүү.
Энэхүү ууж нь өнгө өнгийн цэцгэн болон навчин хээ дүрслэгдсэн. Уужны дээрх дугуй хээ нь үүлэн хээгээр хүрээлэгдсэн хаан бугуйвч, өлзий хээ, найман тахилын нэг Энх амгалангийн өлзийт хээтэй, түмэн наст, усан хээ, голд нь арга билиг тэмдгийг дүрсэлжээ.
Ташрамд, халх эхнэрийн дээл бусад дээлээс ялгарах хэсгүүдтэй. Зах нь нэлээд өндөр. Давхар эмжээртэй /хоёр өөр хоргойгоор давхар эмжих/, эсвэл нэг өнгийн эмжээрээр хоёр эмжих гэх зэрэг эмжээр өөр өөр байна. Энгэр нь дөрвөлжин, залгаатай. Урд энгэрийн залгаасан дунд оруулсан татаастай. Энгэр, суга, ташаа, татаас орсон бүсэлхий, татаасанд хоёр хуруу өргөн мөшгөөр тавьж, захаар нь тасам эмждэг. Дээлийн ар нь залгаагүй байдаг. Ханцуй нь залгаатай, залгаагаа хоргой юм уу торгоор мөн өргөн, тасам эмжинэ. Ханцуй нь өвдөг өнгөрсөн урттай байжээ. Нударга нь цомбон мөн дэлбэн туурай хэлбэртэй байдаг ажээ.