Жүдогийн “Топ-6” тэмцээнд Солонгосын тамирчид оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Топ-6” цуврал тэмцээн “М банк арена”-д дөрөвдүгээр сарын 19-нд болно.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг уг тэмцээнд энэ удаа Солонгосын шилдгүүд оролцохоор болжээ. Тодруулбал, олимпын алт, мөнгөн медаль, дэлхийн болон Азийн наадмын хошой аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Солонгосын алдарт бөх Ким Жае Бум шигшээ багаа удирдах ирэх аж. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 81 кг-д Ан Жүн Сун, 90 кг-д Ким Жае Мин, -100 кг-д Жүн Бук Сүк, эмэгтэйчүүдийн 70 кг-д Пак Сэ Ун, -78 кг-д Ким Жу Юүн, +78 кг-д Пак Сэт Биёол нар Монголын шилдгүүдтэй тойргоор барилдах юм.
Энэхүү тэмцээний шагналын сан 100 сая төгрөг бөгөөд жүдо бөхийн спортыг хүүхэд, залууст сурталчлах, тамирчдын форм, бэлтгэлжилтийг хадгалах, дотоодын өрсөлдөөнийг сайжруулах зорилготой аж. Тэмцээний үеэр Солонгосын алдарт бөх Ким Жае Бум жүдогоор хичээллэдэг хүүхэд, залууст сургалт зохион байгуулах юм.