ДОРНОГОВЬ: Сурагчид аврах гал унтраах ангийн үйл ажиллагаатай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-03-31 15:02:02

Сайншанд, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 200 гаруй сурагч тус суманд үйл ажиллагаа явуулдаг гал унтраах 23 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ.


Аврах гал унтраах ангийн ажилтнууд өөрсдийн хэрэглэдэг ажлын хувцас, машин тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагааны тухай бусад зүйлсийг сурагчдад тайлбарлаж, энэ чиглэлийн мэргэжлийн онцлогийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн байна.


Сурагчдын бие даалтын долоо хоног үргэлжилж байгаа энэ өдрүүдэд сурагчид онцгой байдлын салбарын үйл ажиллагааг танин мэдэж, энэ салбарын техник тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгслийг сонирхон үзсэн нь ихээхэн сонирхолтой санагдсан байна.


Дээрх үйл ажиллагааг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, аврах гал унтраах анги хамтран зохион байгуулсан юм. Дашрамд, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харьяа Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги 2012 онд байгуулагджээ. Үйл ажиллагаагаа Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ сумын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Холбоотой мэдээ