Зорчигчдын тоо нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Зам тээврийн салбар энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар 36.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.5 хувиар нэмэгдлээ.
Тодруулбал, авто тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 36 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өсөв. Үүнээс нийслэлийн тээврээр 35.5 сая зорчигч зорчжээ. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 372.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 468.8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.9 хувиар нэмэгджээ.
Салбарын хэмжээнд нийт ачаа тээвэр дээрх хугацаанд 27.7 сая тонн болж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.9 хувиар багассан байна. Авто тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 17.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдсэн бол төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.6 хувиар багасжээ. Мөн, агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.96 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.4 хувиар багассаныг ЗТЯ мэдээлжээ.