Гемодиализын аппаратаар 8 өвчтөн тогтмол эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-28 17:32:56

Сүхбаатар  аймгийн нэгдсэн эмнэлэг 2015 онд бөөрний дутагдал өвчний аппарат болоа гемодиализын 2 ширхэг аппараттай болсон. 2015 оноос хойш өнөөг хүртэл 11 өвчтөн энэ аппаратаар эмчлүүлсэн бөгөөд 2 өвчтөн нь бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Нэг хүний бөөрний үйл ажиллагаа сэргэж аппаратанд орох шаардлагагүй болжээ. Одоогоор 8 хүн тогтмол энэхүү аппаратаар эмчлүүлж байгаа юм байна.

Бөөрний архаг дутагдалд орсон энэхүү аппаратанд долоо хоногт 2-3 удаа орж, эмчилгээ хийлгүүлдэг. Эмчлүүлэгчдийн насны байдлаар авч үзвэл хамгийн залуу нь 26 настай, хамгийн ахмад нь 74 настай. Өвчтөн аппаратанд 7 хоногт 2-3 удаа орохдоо ямар нэгэн үнэ төлбөр төлдөггүй, харин тухайн үед шаардлагатай эм тариагаа өөрсдөө авдаг. Харин хувийн эмнэлгээр явж эмчлүүлнэ гэвэл нэг удаа аппаратанд ороход ойролцоогоор 170-200 мянган төгрөг хэрэгтэй. 7 хоногт 3 удаа орвол 600 мянган төгрөг шаардлагатай болдог. Улсын хэмжээнд диализын аппараттай цөөхөн аймгуудын нэг бол манай Сүхбаатар аймаг. Бид өвчтөний насыг уртасгах эмчилгээ л хийдэг.  Одоо эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох боломжгүй. Шалтгаан нь ахмад настай, хагалгаа даах чаваргүй, донор олдохгүй зэрэгтэй холбоотой. Энэхүү аппаратыг ашиглаж эхэлснээр маш олон давуу тал бий болсон. Наад зах нь Сүхбаатар аймагт бөөрний өвчнөөр нас барах тохиолдол бараг гарахгүй гэдгийг бөөрний их эмч Б. Хатанбаяр хэлж байна.

Бөөрний архаг дутагдалд орсон хүний амь нас диализын аппараттай шууд холбоотой. Тиймээс өөрсдийгөө нэг аппаратны хараат болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гол нь эртнээс оношилгоо шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг тэрээр зөвлөж байна.

АНЭ-ийн Гемодиализын хэсэгт их эмч, сувилагч, техникч гэсэн гурван хүн ажилладаг.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ