ГОВЬ-АЛТАЙ: “Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд” үзлэгийг Шарга сумаас эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл амьдралын зөв дадлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд” үзлэг Шарга сумаас эхэллээ.
Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалж байна гэсэн статистик үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн үзлэгийг аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хөдөөгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үйл ажиллагаанд найм дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийг ЭХО оношилгоонд хамруулан эрэгтэйчүүд, дотор, мэдрэлийн мэргэшсэн эмчийн тусламж үзүүлэхээрээ ихээхэн онцлогтой юм.
Үзлэгийг хөдөөгийн 19 суманд зохион байгуулах бөгөөд ийнхүү Шарга сумаас эхэлж буй нь энэ юм.
Өнгөрсөн жил улсдаа анх удаа эрэгтэйчүүдийн дагнасан үзлэгийг зохион байгуулсан ба 4 төрлийн мэргэшсэн эмчийн үзлэгт давхардсан тоогоор 6785 эрэгтэйчүүд, БЗДХ, элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 1777 эрэгтэй хамрагдаж байсан юм.
Эрэгтэйчүүдийн дунд цусны эргэлтийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг давамгайлан илэрч байсан тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас танилцуулав.