БАЯНХОНГОР: Багш нар дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-11 13:21:57
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинжтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй сургалтыг Баянхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдийг хамруулан зохион байгууллаа.

Баянхонгор сумын ЕБС-ийн дэмжлэгийн багт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд суралцахуйн дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтыг аймгийн Боловсролын газар, Баянхонгор сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан юм.

Хүүхдийг Ивээх сан Япон Улсын ГХЯ-ны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны гуравдугаар сарын 30-наас эхлэн Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй. Тус төслийн хүрээнд бэлтгэгдсэн орон нутгийн сургагч багш нар дээрх сургалтыг зохион байгуулж, бусдадаа мэдлэг түгээв.

Тус сургалтыг зохион байгуулснаар Баянхонгор сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалт нэмэгдэх, онцлог хэрэгцээтэй суралцагчтай ажиллах арга зүйг эзэмшүүлснээр эцэг эх, сурагчтай хамтран ажиллаж хүүхдийн хөгжилд ахиц гарах, дэмжлэгийн багийн гишүүд хамтран ажиллах боломж бүрдэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад дөхөм болох олон давуу талтай болж байна.

Өнгөрсөн хугацааанд тус төслийг хэрэгжүүлэхдээ бага насны хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллажээ. Төсөл энэ жил мөн хэрэгжих бөгөөд дээрх хөтөлбөрийн үргэлжлэл хэлбэрээр үйл ажиллагаа өрнүүлэх юм.


Холбоотой мэдээ