ЗАВХАН: Политехникийн коллежийн суралцагчид ур чадвараараа өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Политехник
коллежийн сургуулийн шатны “Монгол ур чадвар-2025“ уралдаанд 138 суралцагч
оролцжээ.
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Монгол ур чадвар-2025“ уралдааныг зохион байгуулсан байна.
"Монгол ур чадвар-2025" уралдаанд Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сум дахь Политехникийн коллежийн суралцагчид оролцжээ. Уралдааныг 8 мэргэжлийн хүрээнд зохион байгуулсан байна. Барилга угсралтын мужаан, барилгын засал чимэглэлч, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, гагнуурчин, автомашины засварчин, тогооч, үсчин гэсэн мэргэжлийн хүрээнд суралцагчид өрсөлджээ.
Сургуулийн нэгдүгээр шатны уралдаанд 8 мэргэжлийн 138 суралцагч оролцож, шалгарсан 73 суралцагч хоёрдугаар шатанд оролцож аваргуудаа тодрууллаа. Суралцагчдын ур чадварыг тухайн салбарын инженер, техникийн ажилтан, мэргэшсэн үнэлгээний ажилтнууд удирдамжийн дагуу шүүн явуулсан юм. Уралдаанд шалгарсан оролцогчид бүсийн тэмцээнд оролцох бөгөөд амжилт гаргасан тохиолдолд улс, олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно. Мэргэжлийн уралдаануудыг Политехникийн коллежтой хамтран ажилладаг ААН-ийн төлөөлөл, ажил олгогчид ивээн тэтгэж оролцсон байна.
"Монгол ур чадвар-2025" тэмцээнийг дэлхийн ур чадварын тэмцээний стандарт жишгээр зохион байгуулснаар суралцагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч өрсөлдөх чадвар дээшлэх чухал үүрэгтэй гэж Завхан аймгийн Политехникийн коллежоос мэдээлэв.
Гагнуурчин мэргэжлийн
ур чадварын уралдаанд 11 суралцагч, төгсөгч ур чадвар, мэдлэг оюунаа сорин
өрсөлдсөнөөс гагнуурчин мэргэжлийн 2д ангийн суралцагч Ш.Билэгжаргал түрүүлж гагнуурчин
мэргэжлийн 2д ангийн суралцагч С.Сум-Очир, Х.Гүнбишрэлт нар удааллаа.
Барилгын
сантехникч мэргэжлийн ур чадварын уралдаанд
8 суралцагч, төгсөгч өрсөлдсөнөөс барилгын сантехникч мэргэжлийн 2Е ангийн суралцагч Ж.Өсөхбаяр тэргүүлж барилгын сантехникч мэргэжлийн 2Е ангийн суралцагч Д.Пүрэвбат, Д.Мөнх-Эрдэнэ нар удааллаа.
Барилгын
цахилгаанчин мэргэжлийн уралдаанд 12 суралцагч ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс
барилгын цахилгаанчин мэргэжлийн 2ц
ангийн суралцагч У.Баярцогт тэргүүлж барилгын
цахилгаанчин мэргэжлийн 2ц ангийн суралцагч Ц.Майдар, барилгын цахилгаанчин мэргэжлийн 1ц ангийн суралцагч Э.Амгаланбаяр
нар удааллаа.
Тогооч мэргэжлийн уралдаанд 10 суралцагч, төгсөгч ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс тогооч мэргэжлийн 2и ангийн суралцагч Х.Өлзийнаран тэргүүлэв. Удаах байруудад тогооч мэргэжлийн 1и ангийн суралцагч Б.Батцоож, тогооч мэргэжлийн ангийн суралцагч 1х1 ангийн оюутан Э.Сувдаа шалгарсан байна.
Барилга угсралтын
мужаан мэргэжлийн уралдаанд 7 суралцагч, төгсөгч ур чадвар, мэдлэг оюунаа сорин
өрсөлдсөнөөс мэргэжлийн
ангийн оюутан Н.Буд тэргүүлж, барилга угсралтын мужаан мэргэжлийн төгсөгч Б.Эрдэнэбат, барилга угсралтын
мужаан мэргэжлийн 2Б ангийн
суралцагч Н.Лхагвадорж нар удаалав.
Автомашины засварчин мэргэжлийн уралдаанд 10 суралцагч ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс Автомашины засварчин мэргэжлийн 2К ангийн суралцагч Д.Дамдиндорж тэргүүлэв.
Удаах байруудад автомашины засварчин мэргэжлийн 2К ангийн суралцагч П.Баасандорж,
автомашины засварчин мэргэжлийн 1К
ангийн суралцагч Р.Анхбаяр
нар шалгарав.
Үсчин мэргэжлийн ур чадварын уралдаанд 6 суралцагч ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс үсчин мэргэжлийн 2г ангийн суралцагч Ч.Уранбилэг тэргүүлэв. Удаах байруудад үсчин мэргэжлийн 2г ангийн суралцагч П.Насандэлгэр, мөн ангийн суралцагч Ж.Бадамгарав нар шалгарав.