Б.Баярсайхан: Он гарсаар дэлгэцийн хамаарал бүхий өвчтэй хүүхдүүд их ирж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч Б.Баярсайхантай цөөн хором
ярилцлаа.
-Дэлгэцийн хамаарал бүхий өвчлөлтэй хүүхдүүд манай аймагт их байна уу? Энэ
талаар мэдээлэл өгнө үү?
-Он гарсаар дэлгэцийн донтолтоос үүдэлтэй баруун талын
саажилттай, зүүн талын саажилттай, толгой өвдөж байна, ядарч сульдаж байна
гэсэн зовуурьтай хүүхдүүд их ирж байна.
Ихэнх нь нэг талдаа саа саажилт өгчихсөн байх юм. Тухайлбал, 2025 оны 4 дүгээр сарын 11-д гэхэд гурван хүүхэд ирсний хоёрыг хэвтүүлж эмчлэхээр боллоо. Нэг нь гэрээр эмчилгээ аваад явсан. Хэвтэн эмчлүүлэхээр болсон хоёр хүүхдийн нэг нь зургаан настай, нэг талын нүд нь анигдахгүй, ам нь баруун талдаа гарчихсан, үг хэлэх гээд хэлж чадахгүй гацчихсан байдалтай ирсэн. Тэр хүүхэд 100 хувь утасны хамааралтай. Яагаад гэхээр харах хүнгүй тул гэртээ ганцаараа үлддэг, аав, ээж нь ажилтай, өдөржин гар утсаараа тоглоод өнждөг. Утсыг нь авахаар уурлаад, буцаагаад өгөхөөр уурлахаа больдог, харилцааны асуудалтай болчихсон.
Энэ хүүхэд хэвтэн эмчлүүлж байхдаа дэлгэцээс 100 хувь
холдохгүй бол дахиад л өвдөнө. Бүр архагших аюултай.
Өмнөх жилүүдэд дэлгэцийн донтолтын улмаас сард 1-2 хүүхэд
манай эмнэлэгт ирдэг байсан бол он гарсаар долоо хоногт 2-3 хүүхэд болж нэмэгдэж байна. Цахим тоглоомд донтоод шөнө унтаж чаддаггүй, нойргүйдэлд орчихсон,
төвлөрч чаддаггүй, хичээл номоо ойлгохгүй болчихсон хүүхдүүд их байна. Дийлэнх
нь 15-аас доош насныхан. Хамгийн бага нь 2 настай хүүхэд ирдэг. Аав, ээж нь
уйлангуут утас өгдөг, тэгээд л утсаа аваад нөгөө хүүхэд нь нам болж, байх үгүй
нь мэдэгдэхээ больдог. Тэр байдлаас болоод аав, ээж нь ч утсаа өгч байна. Өдөрт
манай тасгаар 40-50 хүүхэд үзүүлэхээр ирдэг бөгөөд ажиглаж байхад ихэнх эцэг
эхчүүд хүүхдэдээ утсаа өгч аргалдаг. Утас өгөхгүй бол үзүүлэхгүй, орилж чарлаад
сүйд болно. Утас өгчихөөр уйлахаа больж, үзүүлдэг, утсандаа анхаараад эмч үзэж
байгааг ч бараг анзаардаггүй. Ийм хүүхдүүдийг бид хөнгөн бол гэрээр эмчилгээ
бичээд явуулдаг. Хүнд бол хэвтүүлэн эмчилж сэргээн засах физик эмчилгээ хийж
байна.
-Дэлгэцийн донтолтоос хүүхдүүдээ яаж хамгаалах вэ?
-Эхний ээлжид дэлгэцний хэрэглээг бууруулмаар байна.
Үүнд аав, ээжийн оролцоо асар их хэрэгтэй. Аав ээжид нь хэлээд явуулдаг ч
биелэлт байхгүй. Утасны буруу хэрэглээ үнэхээр газар авсан байна. ЕБС-д цахим
хичээл орж байгаатай холбоотой өвчлөл нэмэгдэж байна уу даа гэж би бас ажиглаад
байгаа. Өсвөр насныхан үзүүлэхээр ирээд яван явтлаа утсаа ширтээд суучихдаг.
Хэлэхээр зарим нь уурлана. Цаашдаа
хүүхдүүдийг аль болох эрүүл агаарт гаргаж, оюун санааг нь хөгжүүлэх хэрэгтэй,
утас дэлгэцээс холдуулмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.