Их Британийн хот хогондоо дарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /The Daily Telegraph/. Бирмингем хотод үүссэн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд армийн албан хаагчдыг дайчлах санаачилгыг Их Британийн шадар сайд Анжела Рэйнер гаргажээ. Тус хотын хог цэвэрлэгээний ажилчид сар гаруйн өмнөөс ажил хаялт зарлаад байгаа юм.
Цэргүүд гудамжинд хог цэвэрлэхгүй, зөвхөн оффисын ажилтнууд ажиллана гэдгийг эрх баригчид мэдэгджээ. "Шуурхай төлөвлөлтийн туршлагатай цөөн тооны цэргийн алба хаагч хог хаягдлын хямралыг даван туулахад ложистикийн дэмжлэг үзүүлнэ" гэж "The Daily Telegraph" сонинд эх сурвалжуудыг эш татан бичсэн байна.
Өмнө нь Их Британийн цэргүүдийг онцгой нөхцөл байдалд иргэний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэд хэдэн удаа дайчилж байсан гэдгийг А.Рэйнер дурдсан байна. Тухайлбал, цар тахлын үед ийм тохиолдол хэдэнтээ дараа гарч байв.
Харин энэ удаад “цэргүүдийг хотын эрх баригчдад дэмжлэг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндэд учирч буй аюулын эсрэг аль болох богино хугацаанд хариу арга хэмжээ авахын тулд хязгаарлагдмал хугацаанд" дайчлах ажээ.
Бирмингем хотын хог цэвэрлэгээний ажилчид гуравдугаар сарын 11-нд ажил хаяжээ. Үүнээс хойш хотын гудамж талбайд 17 мянга гаруй тонн хог хаягдал хуримтлагдаж, иргэд гомдол гаргаж эхэлсэн байна.
Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байна гэж засгийн эрхийг барьж буй Их Британийн Лейборист намыг буруутгажээ.