АРХАНГАЙ: Р.Минжүүр аварга Монголд анх удаа сүү, цагаан идээний үйлдвэрийг байгуулж байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.
Хөшөө дурсгалын нэр: Р.Минжүүр аваргын хөшөө
Бүтээсэн
он: 2014 он. Цэцэрлэг хот
Төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Рэнчингийн Минжүүрийн 100 насны гэгээн дурсгалд зориулж, С.Батболдын санаачилгаар ах дүү нар нь хамтран газрын гүнээс олборлосон боржин чулуугаар сийлбэрлэн бүтээжээ.
5 метрийн өндөртэй, 30 тн хүнд жинтэй энэхүү хөшөөг 2014 онд бүтээсэн бөгөөд өдгөө 11 жил өнгөрчээ. Хөшөө нь 2 хэсгээс бүтэх ба суурийн хэсэг нь 2 м өргөн, 2 м өндөр, их биеийн хэсэг нь 3 м өндөр юм.
Тус хөшөөг босгохдоо аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор босгосон бөгөөд тухайн саадыг “Баатруудын нэрэмжит саад” болгосон байдаг.
Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр нь 1914 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Тойроот гэдэг газар төрж, бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн ба улмаар цэрэгт явж 1939 оны эх орны дайнд оролцож байжээ.
Нэгдэлжих хөдөлгөөн үүссэн үеэр Мөрөн сумын “Ялалт” нэгдлийн дарга, Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргаар, “Тунгалаг тамир” хоршооллыг үүсгэн байгуулах мөн нэгдлийн холбооны дээд зөвлөлд зөвлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байжээ.
Р.Минжүүр нь Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд ажиллаж байхдаа нэгдэлчдийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйгаас гадна туслах аж ахуй хөгжүүлж, гахай, тахиа, бор гурилын үйлдвэр, барилгын үйлдвэрлэл, Монголд анх удаа сүү цагаан идээний үйлдвэрийг байгуулсныг үнэлж, нэгдэлжих хөдөлгөөн үүсэн хөгжсөний 10 жилийн ойгоор түүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байдаг.