БАЯНХОНГОР: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-15 11:44:41

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаа боллоо. Тэдгээрээс тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг нь эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн байдлаар сэжиг бүхий гурван хүн тусгаарлалтад, ойрын хавьтал 157 хүн ажиглалтад байна. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын тав нь аймгийн төвд, нэг нь Баянцагаан суманд бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримталж болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь чухал. Хэдий тийм ч вакцинаар сэргийлэх боломжтой.

Өвчлөлийн тохиолдол ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд гарч байгаа бөгөөд хүүхдүүд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвдөөгүй хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нар вакцинд хамрагдах, өрөө тасалгааны агааржуулалт, агаар сэлгэлтийг сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөрт 2-оос доошгүй удаа хийх нь халдвараас сэргийлэхэд чухал нөлөөтэй юм.


Холбоотой мэдээ