“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт Монгол Улс албан ёсоор нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-16 14:51:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн. Санхүү, эдийн засгийн их сургуулийн Зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголт, хууль, эрх зүйн орчин сул  зэрэг нь тулгамдсан асуудал болсныг дурдаад, эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг төсөл хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Өнгөрсөн оны байдлаар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн 42.1 хувь буюу 3.3 тэрбум төгрөг нь эмэгтэй зээлдэгч ба нэг зээлдэгч дунджаар 66.4 сая төгрөгийн зээлийг 17.1 хувийн жигнэсэн хүүтэй авсан нь эрэгтэй зээлдэгчтэй харьцуулахад хэмжээ 2 дахин бага, хүү 0.8 нэгж хувиар өндөр байсан аж. Иймд үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хийх шаардлага үүссэн болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байв. Тэрбээр мөн үеэр хэлэхдээ “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх санамж бичгийг Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан. Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр Монгол Улс бүс нутагтаа тус санаачилгыг нэвтрүүлж буй анхны улсад тооцогдож байна. Монголбанк тус хөтөлбөрийн үндэсний зохион байгуулагчаар ажиллах тул бусад бодлого, стратегитай уялдуулах чиглэлээр замын зураглалаа боловсруулж төлөвлөгөө гарган ажиллаж буй. Үүний зэрэгцээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн датаг бүрдүүлж, түүн дээр анализ хийж, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь зөвхөн нийгмийн тэгш бус байдлыг бууруулах явдал биш бөгөөд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чиглэсэн стратегийн чухал алхам хэмээн үзэж байна. Санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлснээр эмэгтэйчүүд өөрсдийн бизнесээ хөгжүүлж, ажлын байр бий болгож, орлогоо гэр бүл, хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломжтой болох тул эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал хүчин зүйл юм. Цаашид манай улс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэх нь зөвхөн санхүүгийн салбар төдийгүй нийт улс үндэсний хөгжил дэвшилтэй холбогдоно хэмээн тэрбээр тодотгов.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эмэгтэйчүүд бизнес эрхлэх нь зөвхөн өөрийнхөө болоод гэр бүлийнхээ санхүүг тэтгээд зогсохгүй тухайн аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтан ажиллагсад, тэдний ар гэрийнхний амьдрал, нийгмийн орчин, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүдийн эрхэлж буй ажил үйлчилгээ төдийлөн тэлж чадахгүй байна. Энэ нь барьцаа хөрөнгөгүй, ихэнх тохиолдолд уг өмч хөрөнгө нөхрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний зэрэгцээ адил бизнес эрхэлж буй нэгэнтэйгээ холбоо харилцаа дутмаг зэрэг хүндрэл байсаар байна. Тиймээс тэдгээр хүндрэлийг бодлогоор арилгаж, аль болох олон эмэгтэй бизнес эрхлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай явдгаа хэлж байлаа.


Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгааны өнгөрсөн оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын нэг нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Манай улсын хувьд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдгээрийн 87 хувь нь арваас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж буй. Энэ нь эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоо өргөн хүрээтэйг илтгэх хэдий ч тэдгээрийн үйл ажиллагаа тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутмаг байсаар байгааг оролцогчид хэлж байв.

Иймд “Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргалаас хувийн бизнесээ хэрхэн босгосон түүхээс нь хуваалцлаа. Тэрбээр үйлдвэрлэлээ 8 жилийн өмнө эхлүүлжээ. Тухайн үед гарааны мөнгө болох 5 сая төгрөгийг найзаасаа зээлж, улмаар банкны зээл авах байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн байна. Анх удаа банкнаас зээл авахаар тэвэр дүүрэн баримт бичигтэй очсон ч бүрдэл дутуу гэсэн хариу сонсож байсан аж. Тэр цагаас хойш тэрбээр 20 гаруй удаагийн зээл авсан ба хамгийн сүүлд авсан зээл нь 5 хоногийн дотор гарчээ. Түүний ярьж байгаагаар, эмэгтэй бизнес эрхлэгчдэд хандсан зээл нь олон төрөлтэй буюу ямар салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаагаас хамаарч урт хугацаатай,  хүү багатай бол оновчтой, бодит дэмжлэг болох гэнэ.


“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн боломж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг олон талт санаачилга юм. Одоогийн байдлаар, дэлхийн 30 гаруй оронд хэрэгжиж буй хөтөлбөрт манай улс нэгдсэнээр Төв Азийн бүс нутагтаа тус хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэгд зүй ёсоор орж байна.



Холбоотой мэдээ