Сансар судлалыг ашиглан шинэ боломжийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-17 14:25:51

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар нутгийн 24 хувь нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна.


Харин 4 сум, хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа тул ЦХИХХЯ-наас алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээг энэ онд оруулах юм. Гэхдээ шилэн кабель татаж, уулын оройд станц байршуулах нь эдийн засгийн хувьд өртөг их учраас улс орнууд энэ аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон гэхэд шилэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтай харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулжээ.


Иймд 1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутагтай манай улс харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутгийн иргэд нийслэлийг зорихгүйгээр төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг чухлыг эрдэмтэн судлаачид онцолж байна. 


Одоогоор дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг хөөргөсний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой аж. XXI зууны эхэнд ердөө 14 улс хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилд 91 улс болж хүрээгээ тэлжээ.


Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү тодотголоо. Тэрбээр 2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ-ий өсөлт жилд 5 хувь өснө. 2023 онд 630 тэрбум ам.доллар байсан сансрын эдийн засаг 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 9 хувь, 2021 онд 600 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан хагас дамжуулагчийн зах зээл 2030 он хүртэл жилийн 6-8 хувь өсөх хандлагатайг “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.


Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг мөн, Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа. Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барихыг ЦХИХХЯ мэдээлэв. 


Тус яам ХХЗХ хамтран үндэсний хиймэл дагуулын талаар нэгдсэн ойлголттой болохоор төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдыг оролцуулан дээрх форумыг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ