Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Америкийн “Time” сэтгүүлээс энэ оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг танилцууллаа. Уг жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, ХБНГУ-ын Канцлерт нэр дэвшигч Фридрих Мерц нар багтжээ.
Эдгээр улстөрчдыг "хамгийн нөлөө бүхий удирдагчид"-аар нэрлэжээ. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Сири улсын шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараа, Трампын зөвлөх бөгөөд АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) удирдаж буй Илон Маск, АНУ-ын Худалдааны сайд Ховард Латник, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бага Роберт Кеннеди, мөн Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нар жагсаалтад багтлаа.
Жагсаалтын “титанууд” ангилалд Америкийн инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч Жо Роган, “Meta” корпорацын ерөнхий захирал Марк Цукерберг нар орсон байна. Дуучин Эд Ширан, жүжигчин Скарлетт Йоханссон, Кристен Белл, жүжигчин, продюсер Адам Скотт нарыг хамгийн нөлөө бүхий уран бүтээлчээр нэрлэжээ.
Энэ оны жагсаалтад Барак Обама АНУ-ын албан тушаал хашиж байсан үеэс хойш анх удаа Америкийн засаг захиргааны зургаан төлөөлөгч багтсан нь одоогийн засаг захиргаа өнөө үед “олон улсын түвшний доргилт, тогтворгүй байдлын эх үндэс” болсныг харууллаа гэж тус сэтгүүл дүгнэсэн байна. Жагсаалтад багтсан хамгийн нөлөө бүхий залуу хүн бол 22 настай Францын усанд сэлэлтийн тамирчин Леон Маршан, хамгийн ахмад нь 84 настай Бангладешийн түр засгийн газрын тэргүүн Мухаммад Юнус нар ажээ.