Европын Төв банк бодлогын хүүгээ дахин бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-18 15:58:18

БРЮССЕЛЬ, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /DW/. Эдийн засгийн өсөлттэй холбоотой болгоомжлол үргэлжилсээр байгаа энэ үед Европын Төв банкны зөвлөл пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж 2.25 хувь болголоо.


Бодлогын хүүг сүүлийн нэг жилийн хугацаанд долоо дахь удаагаа дараалан бууруулж буй энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон татвараас үүдэн тодорхойгүй байдал үүссэн үед гаргажээ.


Төв банкны мэдэгдсэнээр, худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь еврогийн бүсийн өсөлтийн хэтийн төлөвт нөлөөлж байна. Тус банк 2022-2023 оны хооронд инфляцийг бууруулахын тулд хүүгээ өсгөсний дараа 2024 оны зургаадугаар сараас хойш тасралтгүй бууруулж байна.


Одоо инфляц хянаж болохуйц түвшинд хүрсэн тул өсөлттэй холбоотой болгоомжлол гол шалтгаан болжээ. Гуравдугаар сарын 6-нд болсон өмнөх хурал дээр Төв банкны тэргүүн Кристин Лагард бодлогын хүүг бууруулах үйл явц түр зогсож магадгүйг анхааруулж байсан юм.


Гэсэн хэдий ч Д.Трамп дэлхийн улс орнуудад 10-49 хувь хүртэлх шинэ тариф ногдуулахаа дөрөвдүгээр сарын 2-нд зарлаж, дэлхийн зах зээлийг донсолгосны дараа К.Лагардын хэлж байсны дагуу шийдвэр гаргах боломжгүй болжээ.


Д.Трамп ихэнх татварыг авч эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулаад байгаа боловч Европт ногдуулахаар төлөвлөж буй 20 хувийн татвар нь зардлыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг хумиж болзошгүй гэж эдийн засагчид, бодлого боловсруулагчид болгоомжилж байна.


Еврог гүйлгээнд ашигладаг 20 орны эдийн засаг 2024 оны сүүлийн улиралд ердөө 0.2 хувиар өссөн юм. Гуравдугаар сард инфляц 2.2 хувьд хүрснээр банкны зорилтот түвшин болох 2 хувьд ойртсон боловч хурдацтай буурахгүй хэвээр байна.

 


Холбоотой мэдээ