Л.Ганхуяг: Бид энэ онд хорт хавдар тайрах 10 хагалгааг орон нутагтаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар орон нутагтаа анх удаа элэгний хорт хавдар тайрах хагалгааг бие дааж хийлээ. Энэ талаар тус тасгийн зөвлөх эмч Лхагвагийн Ганхуягтай ярилцлаа.
-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар анх удаагаа бие дааж
элэгний хорт хавдрыг тайрах хагалгааг орон нутагтаа хийлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өгнө үү?
-Монгол Улсын
Засгийн газар,
тэр дундаа эрүүл мэндийн яам бүсчилсэн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарын
төвлөрлийг сааруулах чиглэлийг баримтлан ажиллаж
байгаа. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс
заслын тасгийг баруун бүсийн хавдрын мэс заслын төв болгох юм.
2024 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг барьж байгаа. Энд орчин үеийн хагалгааны өрөөнүүдтэй, иж бүрэн тоноглогдсон хагалгааны тасгийг нээнэ. Манай аймаг элэг, улаан хоолой, ходоодны хавдраар улсдаа тэргүүлж байгаа учраас ийм шийдвэр гарсан. Хавдрын төв болсонтой холбогдуулаад эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, багаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, орон байраа тохижуулах ажлуудыг шат дараатайгаар хийгээд явж байна.
Манай аймгийн эмч нар анх удаа бие даагаад элэгний мэс засал, элэгний хавдрын тусламж үйлчилгээг багаараа үзүүллээ. Аливаа өвчнийг эмчлэхэд баг хамгийн чухал байдаг. Ганц эмч, ганц сувилагч энэ хагалгааг хийдэггүй. Өвчтөнийг анх оношлохоос эхлээд бүхэл бүтэн багийн цогц үйл ажиллагаа явагддаг. Манай эмнэлэг дүрс оношилгооны олон залуу эмч нартай болсон. Тухайлбал, компьютерын эмч, эхоны эмч, дүрс рентгений эмч гээд бүгд төрөлжөөд сурч байна. Эмч нарын түрүүч нь төгсөөд ирж байгаа.
Хамгийн эхлээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид өвчтөнөөс эд, эсийн шинжилгээ авч, улмаар дурангаар оношлож батлагдсаны үндсэн дээр дараагийн шат буюу мэс заслын эмчилгээ рүү шилждэг. Мэс засал хийсний дараагаар эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж хагалгааны дараах эмчилгээг хийдэг. Монгол Улсын зөвлөх эмч Ц.Отгонбаяр ахлагчтай Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн хамт олон маань бас гол ажлыг нугалдаг. Нэг хорт хавдартай өвчтөнийг эмчлэхийн тулд ингэж бид бүрэн бүрэлдэхүүнээрээ баг болж ажиллаж байна.
-Өмнө нь бас энэ төрлийн хагалгааг орон нутагт хийж байсан санагдах юм?
-Хавдар
судлалын үндэсний төвтэй манай эмнэлэг хамтарч
ажилладаг. Энэ хүрээнд өмнө нь Чинбүрэн эмчтэй баг, Ганбаатар эмчтэй баг ирж
ходоодны, элэгний хорт хавдрын хагалгааг манай
багтай хамтран хийж, ажлын байрны сургалт явуулж
байсан. Энэ бүхний үр дүнд одоо бид элэгний хорт хавдрын хагалгааг
орон нутагтаа бие даагаад хийдэг
боллоо.
Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр хоёр дахь
хагалгаагаа хийхээр өвчтөнөө бэлдсэн. Энэ хагалгаа их хүнд хагалгаа болно. Дотор эрхтнүүд дотроо үсэрхийлсэн хавдартай
өндөр настан байгаа. Эхний ээлжид бид өндгөвч, элэгний
хавдрыг тайрах хагалгааг хийхээр төлөвлөөд байна. Ирэх
долоо хоногийн сүүлээр ходоодны хагалгаа
хийхээр мөн бэлтгэл ажлаа хангасан байгаа.
Энэчлэн бид энэ онд хорт хавдар тайрах 10 хагалгааг орон нутагтаа хийхээр төлөвлөөд байна. Цаашдаа энэ хагалгаанууд маань бүрэн нутагших нөхцөл бүрдэнэ. Ганц хагалгаагаар хавдар эмчлэгддэггүй. Иймээс бид хагалгааны дараах эмчилгээ, хими эмчилгээ, туяа эмчилгээ зэргийг дагалдуулаад нутагшуулах юм.
-Элэгний хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Энэ
өвчтөн маань чихрийн шижин өвчнөөр олон жил өвдчихсөн, дээр нь элэгний
хатууралтай, зүүн дэлбэнгийн хавдартай, их цаг хугацаа алдчихсан
байсан. Гэсэн хэдий ч хагалгаа амжилттай болсон. Хагалгааны
дараах Эрчимт
эмчилгээний тасаг рүү өнөөдөр шилжүүлсэн. Биеийн
байдал нь сайжирч байгаа.
-Увс аймагт хавдрын өвчлөл их байгаа. Үүнийг бууруулахын тулд юу хийх
ёстой вэ?
-Энэ
жил аймгийн ИТХ-аас хавдрын эсрэг хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд аймгийн Эрүүл
мэндийн газрын удирдлагууд судалгааны багтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Увс аймгийнхан юунаас болоод
хавдраар өвдөөд
байна, ямар төрлийн вирус давамгайлаад байгаа юм, В, С вирусний халдвартай байна уу, эсвэл дельта хавсраад өвдөөд байна уу, эсвэл өөр төрлийн хоруу чанар байна уу гэсэн судалгааг хийнэ. Тэр судалгаандаа
үндэслээд дараагийн шатны арга хэмжээг авах юм.
Цаашдаа ул суурьтай судалгааг үндэслээд явахгүй бол нэгэнт өвдсөн
хүнд хагалгаа
хийх сонин биш. Өвдөхөөс
нь урьдчилан сэргийлээд, өвдсөн нэгнийг нь эрт оношлоод, эрт хагалгаа хийх юм
бол хавдар төгс эдгэдэг өвчин.
-Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Ходоод, улаан хоолойн хавдрын хувьд хеликобактериа илрүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар ходоодоо дурандуулна. Ялангуяа 40-өөс дээш насныхан жилд нэгээс доошгүй удаа дурандуулах шаардлагатай. Манай эмч нар маш чадвартай болчихсон. Иргэд дуран гэдэг зүйлээс айх биш, бага айдсаа дарж дараагийн том айдсаас өөрийгөө хамгаалах нь чухал юм.
Улаан хоолойн
хавдар бидний ахуйн хэрэглээнээс болдог. Хүний биеийн дулаан 37-38
градус байдаг. Гэтэл зарим хүмүүс 100 градуст буцалсан
хоол,
цайг хэт халуунаар нь идэж, уудаг. Дээрээс
нь давсны хэрэглээ ихтэй. Энэ нь нэг удаагийн
үйлдлээр биш,
маш олон жилийн хугацаанд тогтмол тийм хэвшилтэй болчих юм бол улаан
хоолойн хавдар үүсэх магадлалтай. Хоёрдугаарт удамшлын
асуудал байна. Ийм болохоор өөрсдөөсөө хамаарах эрүүл ахуйн хэвшлээ,
оношилгооны асуудлаа эрт шийдчих юм бол өвдсөн ч эрт үед нь оношлогдоно.
Элэгний
хавдрын хувьд В, С, Дельта вирусний халдвар авснаас улбаатай.
Энэ
нь ихэнхдээ цусаар дамжиж халддаг эмгэг юм. Сүүлийн үед эмнэлгийн бус орчинд
гоо сайхны хагалгаа их хийж байна. Жишээ нь
хөмсөг шивүүлэх, зовхио татуулах, шивээс хийлгэх гэх мэтээр эмнэлгийн
бус орчинд гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаа нь эрсдэл ихтэй. Мөн
маш олон хувийн эмнэлгүүд бий болсон. Энэ бүхэн дээр хяналт
үнэлгээ хийх хэрэгтэй. Шүд авахад хүртэл халдвар хамгааллын
дэглэмийг нь хянаж байх хэрэгтэй.