БАЯНХОНГОР: Персон хөтөлбөрийн цахим танхим нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-23 15:19:30

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Их Британийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн багш суралцагчийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг дэмжих хүрээнд цахим тоног төхөөрөмж олгохоор болсон. Аймгийн Боловсролын газрын удирдлагын зөвлөл хуралдаж, Баянхонгор сумын 5 дугаар сургуульд Персон Эдүтэн хөтөлбөрийн цахим танхимыг байгуулжээ.


Тус сургууль цаашид гадаад хэлний төрөлжсөн сургалттай сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд аймгийн төвийн алслагдсан сум, баг хорооны хүүхдүүд голчлон сурдаг онцлогтой. Сургалтын шинэ хөтөлбөрийг нутагшуулж, цахим сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлснээр суралцагчдад тэгш хүртээмжтэй боловсрол олгох боломж бололцоог бүрдүүлсэн чухал ажил болохыг аймгийн Боловсролын газраас мэдээлэв. 


Персон хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Pearson English Connect дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй юм.

Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой байдаг байна.

Холбоотой мэдээ