ДУНДГОВЬ: Монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” хүүхдүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-23 15:22:08
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдаан зохион байгууллаа.


Тус уралдааныг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Боловсролын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан хамтран зохион байгуулж, Сайнцагаан сумын 5 сургууль, Дэрэн, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумын сургууль, Политехник коллежоос шалгарсан шилдэг 30 хүүхэд оролцжээ.


Монголын үндэсний бичиг, түүх соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний бичиг, үсгээр бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлийг төрүүлэхийн тулд зохион байгуулж буй тус уралдааныг гурван ангиллаар явуулж буй.


8-9 дүгээр ангийн ангилалд Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн суралцагч Б.Үүрийнцолмон тэргүүн байр эзэлж, Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн суралцагч О.Анх-Учрал, Мандал сургуулийн 9 дүгээр ангийн суралцагч Б.Гарьд нар удаалсан бол 10-12 дугаар ангийн ангилалд Эрдмийн далай сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Э.Цэндмаа түрүүлж, удаах байрыг Говийн ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн суралцагч А.Ууганбаяр, Хүмүүнлэг сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Ө.Март нар эзэлжээ.


“Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдааныг аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж, сургуулиуд эхний шатны шалгаруулалтаас ангилал тус бүрд шалгарсан түргэн уншигч хүүхдүүдийг аймгийн уралдаанд оролцуулсан.

Тэргүүн байрын эзэд Улаанбаатар хотноо Чингисийн музейд зохион байгуулах Улсын уралдаанд оролцох юм.



Холбоотой мэдээ