Винисиус ёс зүйн асуудалд холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-23 16:09:12

РОМ. 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /ТАСС/. Испанийн “Реал Мадрид” багт тоглож буй Бразилын довтлогч Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөний учир тоглох эрхээ хоёр жилээр хасуулж магадгүй болжээ. Энэ тухай Италийн Tuttosport сонинд бичсэн байна.


Учир нь, Tiberis Holding do Brasil гэдэг компани ФИФА-гийн Ёс зүйн хорооны хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж, Винисиусийн эрхийг хасахыг шаарджээ. Гомдол ирүүлсэн шалтгаан нь, Винисиус өөрийн эцэг ба бие төлөөлөгчийнх нь хяналтад байдаг ALL Agenciamento Esportivo гэдэг компаниар дамжуулан мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдийн хувьцааг авахад оролцсонтой холбоотой гэнэ. Энэ нь Tiberis Holding do Brasil компанийн үзэж байгаагаар, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж, ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл ажээ.


Tuttosport сонинд бичсэнээр, тэрбээр Бразил, Португалын клубүүдийн хувьцааг эзэмшдэг ба Испанийн нэгэн клубийн хувьцааг худалдан авахаар сонирхож байгаа ажээ. Хэрвээ Винисиус ёс зүйн кодексийг зөрчсөн нь тогтоогдвол түүний тоглох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгууль ногдуулахаас гадна хувьцаагаа зарахыг үүрэгдэх юм.


Өдгөө 24 настай тэрбээр “Реал Мадрид” багт 2018 оноос хойш тоглож байгаа бөгөөд нийт 311 тоглолтод оролцохдоо 105 гоол оруулж, 79 оновчтой дамжуулалт хийгээд байна. Өнгөрсөн хугацаанд Испанийн АШТ ба Испанийн Супер цомын тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлж, Испанийн цомыг нэг удаа хүртэж, Аваргуудын лигийн тэмцээн, клубүүдийн ДАШТ-д тус бүр хоёр удаа аваргалж, УЕФА-гийн Супер цомын эзэн болжээ. Харин Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 39 тоглолтод оролцохдоо 6 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт хийсэн байна. Өнгөрсөн онд ФИФА-гийн хувилбараар Винисиусийг шилдэг хөлбөмбөгчнөөр шалгаруулсан билээ.


Өмнө нь мэдээлснээр, хэрвээ Винисиус өөрөө зөвшөөрвөл “Реал Мадрид”-ын удирдлага түүнийг Саудын Арабын нэгэн клубт 240 сая еврогоор зарахад бэлэн байгаа ажээ. Түүний “Реал”-тай байгуулсан гэрээний хугацаа 2027 оны зун дуусах юм. 

Холбоотой мэдээ