Д.Трамп 2028 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цахим дэлгүүр тус улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд зориулан “Трамп 2028” гэсэн бичиг бүхий бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлжээ.
АНУ-ын Үндсэн хуульд ерөнхийлөгчийг гурван удаа сонгогдохыг хориглосон байдгийг үл харгалзан саравчтай малгай, богино ханцуйтай цамц, лаазны хүйтэн баригч уут зэргийг худалдаанд гаргасан байна. 2028 онд 82 нас хүрэх Д.Трамп дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө үгүйсгээгүй юм. Тэрбээр үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой байгаагаа ч илэрхийлж байв.
Ерөнхийлөгчийн
хүү Эрик Трамп 50 ам.долларын
үнэтэй, улаан өнгийн саравчтай малгай өмссөн зургаа пүрэв гарагт олон нийтийн
сүлжээнд нийтэлжээ. Харин хар
хөх, улаан өнгийн сонголттой богино ханцуйтай цамцнууд
36 ам.доллароор зарагдаж байгаа бол лаазны
хүйтэн баригч нь 18 ам.долларын үнэтэй ажээ. Шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдийн тайлбарт “Ирээдүй гэрэлтэй харагдаж байна! Тогтсон дүрэм журмыг өөрчилье” гэж бичсэн байна.
АНУ-ын Үндсэн хуулийн 22 дугаар нэмэлт өөрчлөлтийг Франклин Делано Рузвельт ерөнхийлөгчийн албан тушаалд дөрвөн удаа сонгогдсоны дараа баталсан юм. Ф.Рузвельт дөрөв дэх бүрэн эрхийн хугацааныхаа эхэн үед буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд 63 насандаа таалал төгссөн билээ. 1951 онд хүчин төгөлдөр болсон уг нэмэлт өөрчлөлтөд “ерөнхийлөгчийн албан тушаалд хоёроос илүү удаа сонгогдож болохгүй” хэмээн заасан байдаг.
Д.Трамп сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхийг эрмэлзэж буй мэт харагдаж байгаа боловч тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Конгрессын хоёр танхимын гуравны хоёрын санал шаардлагатай. Түүнчлэн АНУ-ын 50 муж улсаас хамгийн цөөндөө 38 нь соёрхон батлах ёстой тул өөрчлөлт оруулах магадлал бага юм. Гэсэн хэдий ч Д.Трамп гурав дахь удаагаа нэр дэвших үйл явцыг боломжтой болгох “арга зам бий", дахин нэр дэвших талаар хошигнож яриагүй гэдгээ хэлж байв. Үүний сацуу “энэ талаар бодож тунгаах хүртэл маш урт зам бий” гэж ярьж байжээ.