СЭЛЭНГЭ: Н.Лхагвадорж: Байгаль орчинд ээлтэй органик хөдөө аж ахуйг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
-Сэлэнгэ аймаг "Атар IV" аяныг эхлүүллээ, мөн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнөө хийлээ.
Сэлэнгэ бол онцлогтой аймаг. Тэгэхээр атрын аянд ямар бодлого,
чиглэлтэйгээр оролцож байна вэ?
-Аймгийн хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн болон
байгалийн нөөцөд тулгуурлан "Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс" болгон
хөгжүүлнэ.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийг хангаж, технологийн шинэчлэл, инновацыг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй органик хөдөө аж ахйг хөгжүүлэх бодлого барьж ажиллана.
-Энэ жилийн тариалалтын онцлог юу байна. Хэдэн га-д үр тариа, төмс,
хүнсний ногоо тариалах вэ?
-Манай аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311,9 мянган га эргэлтийн
талбайтай. 2025 оны тариалалтын төлөвлөгөөгөөр үр тариа 140,9 мянган га талбайд
тариалалт хийнэ. Үүнээс улаанбуудай 128,9 мянган га талбайд, бусад үр тариа
12,0 мянган га талбайд, тэжээлийн ургамал 30,5 мянган га талбайд, тосны ургамал
45,0 мянган га талбайд, төмс 3,1 мянган га талбайд, хүнсний ногоо 8,2 мянган га
талбайд тус тус тариална.
Газар тариалангийн нийт эргэлтийн талбайг цаашид 355.0 мянган га-д хүргэж,
50.3 мянган га-гаар, усалгаатай тариаланг 400 га-гаар, хамгаалалтын ойн зурвасыг
2000 га-гаар нэмэгдүүлж, нийт тариалангийн талбайн 55.3 хувь буюу 168.7 мянган
га талбайг хашаажуулахаар төлөвлөөд байгаа.
Мөн энгийн болон автомат зоорины хангамжийг 44.0 мянган тн-д хүргэх зорилт
тавьсан. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр ханган,
улсын төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг үйлдвэрлэн “Органик хүнс
нийлүүлэгч аймаг” болгон хөгжүүлэх зорилтыг бид өмнөө тавиад байна.
-Хаврын тариалалтын үр хүрэлцээтэй байгаа юу?
-2025 оны тариалалтад 17,5 мянган тн улаан буудайг аж ахуйн нэгж, иргэд
нөөцөлсөн нь нийт хэрэгцээт үрийн 84 хувийг эзэлж байгаа. “Хөдөө аж ахуйн
корпораци” ТӨХХК болон үр нийлүүлэх аж ахуйн нэгжүүдээс дутагдалтай үрээ бүрдүүлэх
бодлого барьж байна.
-Атрын аянтай холбогдуулан шинээр атар газар эзэмших, мөн атаршсан газрыг
эргэлтэд оруулна гэсэн энэ талаараа?
“Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM)
төсөлтэй хамтран аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг
боловсруулж, ерөнхий төлөвлөгөөний 2024-2038 оны тайланг гаргасан. Энд тусгагдсанаар тус аймагт шинээр атар газар хагалах болон атаршсан газрыг эргэлтэд оруулах
50.3 мянган га-гаар нэмэгдүүлэх боломжтой тооцоо судалгаа гарсан.
Ингээд сумдад чиглэл хүргүүлэн өнөөдрийн байдлаар 9 сумын 9287.62 га атар газрыг тариалангийн газар шилжүүлэх
саналыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж
байна.
Мөн бид “Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын баримт бичиг 2030”,
“Сэлэнгэ органик хүнс” хөтөлбөрийг боловсруулан ажиллана.
-Сэлэнгэ аймгийн тухайд элэгдсэн, доройтолд орсон газрууд нэлээд байдаг.
Энэ газрыг хэрхэн хамгаалж байна. Тариалалтад ашиглах боломж бий юу?
-Аймгийн тариалангийн газрын хөрсний механик бүрэлдэхүүний 24 хувь нь
элсэнцэр хөрснөөс бүрддэг онцлогтой. Иймээс манай аймгийн хувьд газар ашиглалт,
хамгаалалт ба экологийн тэнцвэрийг хадгалахад тариалангийн газрыг элэгдэл
эвдрэлээс хамгаалах асуудал чухал байгаа.
Аймгийн хэмжээнд хүчтэй элэгдэл эвдрэлд өртсөн 107, дунд зэргийн элэгдэл
эвдрэлд өртсөн 158 байршилд хамгаалах ойн зурвас байгуулахаар судлан тогтоосон.
Ингээд Зүүнбүрэн, Сайхан, Орхон сумын 67 иргэн, 21 аж ахуйн нэгжийн 7350 га
талбайн хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах 66,7 км ойн зурвас бүхий
талбайд 66,7 мянган ширхэг навчит модны суулгац тариалахаар тендерийн ажил
зарлагдсан.
Мөн Цагааннуур суманд 3 км газарт тариалангийн талбайн хөрсийг хамгаалах
зорилгоор 1800 ширхэг навчит болон шилмүүст мод тарихаар төлөвлөсөн нь төрийн
болон орон нутгийн түвшинд газар тариалангийн хөрсийг хамгаалахаар авч
хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг гэж харж болно.
Хөрсний үржил шимийг хамгаалах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн
дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн сэлгэн тариалалтын зарчим баримтлан
тариалалтыг хийж, хөрсөө нөхөн сэргээж, хэрэгцээт эрдэс бодисоор дэмжиж, жил
бүр хөрсний шинжилгээг хийлгэн хөрсөнд шаардагдах органик макро болон микро
бордоогоор хөрсийг баяжуулахад анхаарал хандуулахыг тариаланчдадаа зөвлөсөн.
-Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх талаар зөвлөгөөний хүрээнд нэлээд
ярьсан. Ялангуяа органик хүнсний ногооны чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Аймгийн хэмжээнд өвлийн 3 ширхэг 740 м.кв, 3 улирлын 17 ширхэг 7360 м.кв, зуны
нийлэг хальсан 1182 ширхэг 142061 м.кв хүлэмж ашиглаж, 2022-2024 онд 3,76
га-гийн 431 ширхэг 37666 м.кв зуны нийлэг хальсан хүлэмж бүхий цогцолборуудыг
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барин ашиглалтад оруулсан нь аймгийн
хэмжээнд ашиглах хүлэмжийн 26,5 хувийг эзэлж байна.
Баруунбүрэн, Баянгол, Мандал, Сант, Сүхбаатар сумдад өвөл, зуны хүлэмжийн
цогцолборыг барихад улсын төсвийн 4 тэрбум хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэ ажлыг
“Интерконсалтинг констракшн” ХХК энэ оноос үе шаттайгаар эхлүүлж байна. Цаашид
7 суманд ашиглаж буй хүлэмжийн ашиглалтыг сайжруулахаар органик хүнсний
үйлдвэрлэл эрхлэгч хоршоодод хариуцуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
2024 онд органик хүнс үйлдвэрлэгч 311 иргэн 34 төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэн 74,3 га талбайгаас 743,2 мянган
тн ургац хураан авсан. Анхан шатны газар тарилангийн үйлдвэрлэл эрхлэгчээс
хэрэглэгчдэд хүрэх хүртэлх борлуулалтын бүх шатанд оролцогчдыг хоршоолсон
хэлбэрт нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад оролцуулан кластераар хөгжүүлэхээр
төлөвлөж байна.
Газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан эрчимжсэн мал аж ахуйд
шаардлагатай тэжээлийг газар тариалангийн үйлдвэрлэлд сэлгээнд оруулах замаар
нэмэгдүүлэх зохицлыг ханган ажиллахаар төлөвлөсөн.
-Хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааны талаар
тодруулна уу?
-Хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын
Шизуока мужид жил бүр газар тариалангийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг
дээшлүүлж байна.
Мөн БНСУ-ын Сөүл хотыг Үньпён дүүрэгт хөдөө аж ахуй болон ухаалаг
технологид суурилсан хүлэмжийг байгуулах мэргэжлийн боловсон хүчнийг
чадавхжуулж байна.
БНСУ-ын Танжин хоттой 30-45 настай
газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг улирлын чанартай
ургац хураах, тариалалт хийх ажилд мөн ажиллуулдаг. БНСУ-ын Гангвон аймагтай
шинэ түншлэл хамтын ажиллагааг эхлүүлж, шинэ сортын төмс нутагшуулахаар хамтран
ажиллаж байна.
Та “Нутгийн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ярьсан. Энэ хөтөлбөрийн
хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?
-Аймгийн хэмжээнд “Нутгийн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэн дутагдалтай
боловсон хүчнийг гадаадад шаардлагатай мэргэжлүүдээр хүний нөөц бүрдүүлж, дотоод,
гадаадын их дээд сургуулиудад төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр сурах боломжийг
бүрдүүлэн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Мөн газар тариалангийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, давтан сургах,
хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн оролцоотой хамтран ажиллана.
-Энэ удаагийн зөвлөгөөнийг маш өргөн хүрээнд ногоочдоо оролцуулж, тэдний
төлөө бодлогын түвшинд олон асуудлыг шийдэхээр боллоо гэж ногоочид их баяртай
байсан. Энэ талаараа?
-Манай
аймаг “Органик хүнс нийлүүлэгч” аймаг болох зорилт тавьсан. Энэ зорилгынхоо хүрээнд
зарим аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал “Монгол хөрс дөрвөн улирлын хүлэмж” ХХК-тай хамтран зэвэрдэггүй ган карказ
нь “Термо” ялтсан ховилтой “Голланд” хүлэмжийг 50 хувийн урьдчилгаатайгаар
аймгийн төмс, хүнсний ногоо тариаланчдад худалдан авах.
Мөн “Юнител” ХХК-ийн Сэлэнгэ салбартай хамтран органик тариалан эрхлэгч
иргэд, хоршоодын гишүүдэд бүх сүлжээнд үнэгүй, сар бүр 30 GB дататай 300 зурвас бичих эрхтэй багцын дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх.
Мөн “Цахим ерөнц” ХХК-тай хамтран органик хүнсний ногоог “Гоё” нэрийн
дэлгүүрээр худалдах, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний 20 хувийг
органик тариалан эрхлэгчдэд олгох.
“Сэлэнгэ Таван хан” дундын хоршоо нь иргэдийг химийн
бордоогүй цэвэр эрүүл хүнсээр хангах зорилт тавиад ажиллаж байгаа. Цаашид
зөвхөн органик хүнс тариаланчдад 280 хүлэмж ашиглуулж, менежментийг
нь хариуцан ажиллах юм.
-Ярилцсанд баярлалаа.