"Ливерпүүл" 20 дахь удаагаа Английн аваргаар шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр
сарын 28. /ТАСС/. “Ливерпүүл” баг өөрийн талбайд “Тоттенхэм”-ийг 5:1-ээр
хожсоноор Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дуусахаас дөрвөн
тойргийн өмнө тус улсын аваргаар шалгарлаа.
Ливерпүүлчүүдээс Луис Диас (16 дахь
минут), Алексис Макаллистер (24), Коди Гакпо (34), Мохамед Салах (63) нар гоол
оруулсан бол “Тоттенхэм” багийн Доминик Соланке /12/ гоолдож, Дестини Удожи 69
дэх минутанд өөрийн хаалганд авто гоол хийсэн байна.
Ливерпүүлчүүд 34 тойргийн дараах байдлаар 82 оноотой болсон бол хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй “Арсенал” /67 оноо/ үлдсэн
дөрвөн тойрогт хожсон ч гэсэн хошуучлагчийг гүйцэх боломжгүй юм.
Ингэснээр “Ливерпүүл” баг 2019/20
оны улирлаас хойш анх удаагаа, түүхэндээ 20 дахь удаагаа Английн аваргаар
шалгарч, сүүлийн дөрвөн жил дараалан Премьер Лигт түрүүлсэн "Манчестер Сити" багийн ялалтын цувралыг зогсоолоо. Энэ үзүүлэлтээр тус багтай “Манчестер
Юнайтед” зэрэгцэж байгаа бол “Арсенал” /13/, “Манчестер Сити” /10/ багууд удаалж
байна.
Энэ улирлын Английн аварга
шалгаруулах тэмцээнд гоол+дамжуулалтын үзүүлэлтээр “Ливерпүүл”-ийн довтлогч Мохаммед
Салах тэргүүлсэн бөгөөд тэрбээр 28 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт хийснээр 46 оноо авч, 38 тойрогтой Премьер Лигийн тэмцээний шинэ дээд
амжилтыг тогтоосон байна.
Өмнө нь Францын довтлогч Тьерри
Анри /2002/03/, Норвегийн Эрлинг Холанд /2022/23/ 44 оноогоор дээд амжилтыг
эзэмшиж байна. Харин 1993/94 ба 1994/95 оны улирлуудад 47 оноо авч байсан Английн
довтлогч Энди Коул, Алан Ширер нар үнэмлэхүй дээд амжилтыг тогтоожээ. Гэхдээ
тухайн үеийн тэмцээнүүд 42 тойргоор явагдаж байсан юм.
Түүнээс гадна, “Ливерпүүл”-ийн Арне
Слот Английн АШТ-д багаа түрүүлүүлсэн анхны нидерланд дасгалжуулагч болсон
байна.