Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВОЛГОГРАД, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /DW/. Орос, Беларусь улсууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрийг Беларусийн нутагт барихад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Беларусийн удирдагч Александр Лукашенкотой Волгоград хотод уулзах үеэрээ мэдэгджээ.
"Бид танай мэргэжилтнүүд, холбогдох үйлдвэрүүдтэй хамтран үйлдвэрийн суурийг тавихад бэлэн байна" гэж Путин хэлснийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Оросын удирдагч мөн дунд зайд нислэг үйлддэг нисэх онгоцны үйлдвэр барих талаар Беларусийн талтай хамтрах боломж байгааг дурдсан байна.
А.Лукашенко Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дроны үзэсгэлэнг үзэж сонирхох үеэр Оросын тал жилд 100 мянган дрон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Беларусьт барих санал тавьсан гэж Беларусийн төрийн мэдээллийн “БелТА” агентлаг гуравдугаар сарын эхээр мэдээлж байв.
Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин мэдэгдэхдээ "Беларусьт баригдсан үйлдвэр нь бүрэн нутагшсан технологиудыг нэвтрүүлсэн, Үүний зэрэгцээ Орос болон бусад орны үйлдвэрүүдтэй технологийн нэг платформ дээр ажиллаж байна. Гол нь жилд 100 мянган дрон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг жилийн дотор барих явдал юм. Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тавьж буй санал" гэсэн байна.