ДУНДГОВЬ: Алим тарих иргэдийн тоо нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн иргэд монгол алтайн алимын сортыг тариалж, алим тарьдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байна.
Алимын мод тарих анхны туршилтыг 2019 онд хэд хэдэн тариаланч туршсанаас хойш 2023 онд аймгийн бодлогод тусган, Ховд аймгийн тэргүүний тариаланч, “Булган голын алим” ХХК-ийн захирал Х.Балжинням, түүний хүү Б.Эрдэнэбаяр болон “Монгол алтайн алтан алим” ХХК-ийн захирал С.Ариунбаатар нарыг урьж, 150 гаруй иргэнд “Алим тариалах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж, суулгац нийлүүлснээр говь нутагт алим тарьж ургуулах боломжтойг иргэд ойлгосон юм.
Түүнээс хойш иргэд жилд 400-500 ширхэг алимын мод тарьж байгаа төдийгүй "Арвин их сан" ХХК алимын төрөлжсөн талбай байгуулж, 1250 мод суулгаад байна.
Алимын мод 2-3 жилийн дараа үр жимсээ өгдөг ба нэг модноос 20-35 кг алим гардаг, амт чанарын хувьд шүүслэг, хүчиллэг, амт сайтай байдаг хэмээн хэрэглэгчид дүгнэдэг.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүлийн жилүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий жимс, жимсгэнийн мод тарих сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байна.
Дундговь аймгийн хувьд хөрсний бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа ч нарны тусгал сайтай, дулаан уур амьсгалтай байгаа нь алим тарихад давуу тал болж байгааг сургагч багш онцолж, алимыг нөмөртэй газар тарих эсвэл нөмөр хийхийг зөвлөжээ.