Баянгол сум бүтээн байгуулалтын хувьд өр, авлагагүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 22:35:21

Өвөрхангай аймгийн Баянгол суманд 2013-2015 онуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө 34 бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна.

2013 онд сумын төвд хуучин байсан зоорийг сэргээн ашиглалтад оруулах, нийтийн 00 барих, сумын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, спорт, амралтын талбай байгуулах зэрэг 15 ажлыг 200 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэсэн бол 2014 онд мөн 200 гаруй сая төгрөгөөр Ниитийн биеийн тамир, Соёл амралтын хүрээлэнг хашаажуулах, Баянгол омгийн хонины хөшөө барих, Хогийн төвлөрсөн цэгийг цэгцлэх, зам засах, Агаарын цахилгаан шугам, дэд станцын өргөтгөл хийх, Эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг 12 ажлыг 100 хувь гүйцэтгэжээ.

Энэ онд тус суманд 240 сая төгрөгөөр Сумын төвийн цэвэрлэх байгууламжийн барилга  барих, Хог тээвэрлэх машин худалдан авах, Онгийн гол дээр бетонон гүүр барих, Сумын интернет үйлчилгээг өргөтгөх зэрэг ажлыг хийж, 2013, 2014 оны үлдэгдэл “өрийг” төлснөөр ямар нэг өр, авлагагүй ажиллаж байна.

Сумын Засаг дарга н.Мөнхбат хэлэхдээ “Сумдад орон нутгийн хөгжлийн сан гэж байгуулагдсанаар хэд хэдэн давуу тал бий болсон. Тухайлбал сум нэн шаардлагатай асуудлаа тодорхойлж, сонголт хийж сурсан. Иргэд багаар ажиллах чадвартай, худалдан авах ажиллагааны талаар мэдлэгтэй болсон. Суманд байвал зохих үйлчилгээний салбарууд бий болж, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдсэн. Мөн сул талууд байгаа. Үүнд хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих  мэргэжлийн боловсон хүчин дутмаг, нэгэнт бий болгосон нийтийн эзэмшлийн байгууламжийн харуул, хамгаалалт сул,  харж хандах хүний ажлын урамшуулал байдаггүй, иргэд санал өгөхдөө зөвхөн өрхийн үйлдвэрлэл харахаас тулгамдсан нийтлэг асуудлыг харж чаддаггүй, санхүүжилтын хуваар тодорхойгүй учраас дараа жилийн ажлыг төлөвлөхөд хүндрэлтэй, мөн урьдчилж зураг төсөв хийснээр өрөнд ороод үлдэх магадлал өндөр байдаг. Тендэрийн хугацаа хол байдгаас хүлээлт үүссээр байтал ажлаа хийж амжилгүй намар болдог” гэсэн санал, шүүмжлэлийг тавьж байв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ