“Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв”-ийн үйл ажиллагаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонголын оюутан залуусыг БНХАУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” өнөөдөр Отгонтэнгэр их сургууль (ОТИС)-д үйл ажиллагаагаа эхлүүллээ.
25 жилийн өмнөөс эдүгээг хүртэл үйл ажиллагаа явуулж буй ОТИС байгуулагдсан цагаасаа Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Түүхт 25 жилийн ойн босгон дээр энэхүү төвийг нээж, оюутан залуусыг тус улсад сурах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог юм хэмээн ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа нээлтийн үеэр хэллээ.
Тэрбээр, “ОТИС хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг тул БНХАУ-ын Элчин сайдын яам биднийг үргэлж дэмжин ажилладаг. Тухайлбал, Өнгөрсөн онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин ОТИС-д зочилж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын талаар илтгэл тавьж байсан. Мөн 2015 онд ОТИС-ийн оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх авсан. Манай сургууль Хятад хэлтэй нягтлан бодогч, эрзүйч гэсэн сургалтын хөтөлбөр нээхээр судалгаа явуулж байна. Энэ хөтөлбөрийг эхлүүлэхэд “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ОТИС-ийн Хятад хэлний тэнхимд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Уг хөрөнгөөр жижиг номын сан бүхий Оюутны бие даалтын төв байгуулсан. Энэ бүх үйл ажиллагаа Монголын ирээдүйг тодорхойлогч оюутан залуусын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Аливаа улсын хөгжлийг боловсролын түвшингээр нь тодорхойлдог. Тиймээс манай улсын боловсролын салбарыг байнга дэмжин ажилладаг БНХАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж байна” хэмээв.
БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун ОТИС-ийн удирдлагууд, багш, оюутан залууст 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд, “Манай яам ОТИС-ийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочилж, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон ОТИС-ийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн мэргэдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, боловсролын салбарт БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Одоогоор ОТИС-ийн 14 оюутан магистар болон доктрантур БНХАУ-д суралцаж байгаа аж. Тус төвөөр дамжуулан оюутан солилцоог идэвхжүүлж, БНХАУ-д суралцах залуусын тоог нэмэгдүүлнэ хэмээн ОТИС-ийн удирдлагууд мэдээлэв.
Нээлтийн үйл ажиллагаанд ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл, Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун, Соёлын зөвлөх Ли Вей болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ