ЗАВХАН: Үүлэнд зориудаар нөлөөлж нийт нутгаар бороо оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үүлэнд
зориудаар нөлөөлж бороо орууллаа.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болон 5 дугаар сарын 1-ний шөнө "Завхан бороо-1" экспедиц үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмлээ. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн, Цаг уур орчны технологийн хэлтсийн дарга Д.Уранчимэгээс тодруулав.
-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийсний үр дүн гарсан уу?
-"Завхан бороо-1" экспедиц үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэх ажлыг хийсэн. Үүний
үр дүнд ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орсон байна. Хамгийн их
нь Тосонцэнгэлд 8 мм, Ярууд 7 мм, Их-Уулд 6.0 мм бороо орсон. Мөн Түдэвтэй, Тэлмэн сумдын нутгаар 4.0 мм,
Нөмрөгт 3.3 мм, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Идэр сумын нутгаар 2.0-2.8 мм,
Улиастай, Эрдэнэхайрхан сумын нутгаар 1.0-1.8 мм, бусад сумын нутгаар 0.0-0.7 мм
тунадас орсон байна.
-Үүлэнд зориудаар нөлөөлөх нь муу гэж цахим орчинд зарим иргэн шүүмжилж байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин, эдийн засаг
нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа өнөө үед
үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох
сэргэх чадварыг дэмжиж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал ажил болдог.
Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх ажлын нэг хэсэг нь үүлэнд зориудаар нөлөөлөх юм. Ингэж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх. Усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах. Хүн, газрын техник хүрч ажиллахад хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраахад үр дүнтэй ажил болдог.
-Үүлэнд зориудаар нөлөөлнө гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Зориудаар хур тунадас нэмэх нь
нүүрсхүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ий реагент /найрлага бүхий
бодис/-ийг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн
тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо
болгон газарт унах нөхцөлийг бүрдүүлэхийг л хэлдэг юм.
Өөрөөр хэлбэл, иодот мөнгөний /AgJ/ реагентийн бүтэц,
үйлдвэрлэсэн технологи, аюулгүй ажиллагаа нь олон улсын техникийн “ISO”
стандартын шаардлага хангасан. Амьтан ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уг
бодисын үйлчилгээгээр орсон хур тунадас нь эерэг нөлөөтэй болохыг Дэлхийн цаг
уурын байгууллагаас тогтоон дээрх зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн
байдаг.
-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг Завхан аймаг хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?
-Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг
нөлөөлөлтэй тэмцэх талаар дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа дэвшилтэт арга
хэмжээг өөрийн оронд туршин ашиглах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх
Эрдэм шинжилгээ туршилт үйлдвэрлэлийн “Хурын шим” төвийг 1990 онд байгуулсан
байдаг. Харин цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил 1940 оны сүүлчээс эхлэн
дэлхийн улс орнуудад хөгжиж эхэлсэн.
Завхан аймгийн тухайд анх 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Жил бүр тодорхой хэмжээгээр энэ ажлыг хийдэг. Өнгөрсөн жил гэхэд үүлэнд зориудаар нөлөөлөх 11 удаагийн үйл ажиллагааг явуулжээ.
-Танд баярлалаа.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болон 5-р сарын 1-ний шөнө Завхан бороо-1 экспедиц үүлэнд нөлөөлж,
хур тунадас нэмэх ажлыг хийсэн байна