Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан үзэсгэлэн нээгдлээ

УЛААНБААТАР, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн  тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон ард нийтээр тэмдэглэдэг болсон билээ.


Энэ онд тохиож буй уг баярын өмнөхөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам /ССАЖЗЯ/, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран олон нийтэд дэглэн толилуулж буй “Үндэсний бичиг үсэг –Төрийн албанд” үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд өнөөдөр боллоо.


Монгол хэл бичиг бол үндэсний дархлааг тээж явдаг хамгийн хүчирхэг хэрэгсэл бөгөөд цаг түүхийн хатуу сорилтыг даван туулж, түүх, уран зохиолын дурсгал, архивын сан хөмрөг, хөшөө дурсгал бичиг, ном судар, иргэний харилцаанд гүн үндэс, арвин ундаргаа хадгалсаар ирсэн билээ. Монгол хэл бичиг нь монгол үндэстний соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байдаг. Иймээс монголчууд биднийг нэгтгэж буй эх сайхан монгол хэл бичгийнхээ үнэ цэнийг олон нийтэд ойлгуулан мэдрүүлж, түгээн дэлгэрүүлэх нь эл үзэсгэлэнгийн гол зорилго юм.


Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлэхдээ, Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулж эхэлснээс хойш Үндсэн хуулийн цэцээс эхлэн төрийн 4000 гаруй байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулж буйг онцлон дурдав. Тэрбээр Үндэсний бичиг үсгийн баяраар нэгэн сайхан мэдээг дуулгасан нь “Хүйн толгойн бичээс” дурсгалыг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсэн явдал байлаа.


Үүний дараа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян нар сэтгэгдлээ хуваалцаж үг хэлэв.


Нээлтийн ёслолд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Ардын уран зохиолч Д.Урианхай, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, Б.Сумьяабаатар, Д.Баттогтох, зохиолч Ү.Хүрэлбаатар, Б.Наминчимэд, улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Батмагнай болон шинжлэх ухаан, хэл бичиг, урлаг соёл, спортын салбарын зүтгэлтнүүд оролцлоо.


Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа эмхэтгэн “Монгол хэл, бичиг: бодлого, хөтөлбөр, хэрэгжилт” нэртэй ном бүтээснээ хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж, дээжийг нь бэлэг болгон гардуулав.


Нээлтийн ёслолын төгсгөлд, үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийг уламжлал ёсоор “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнаж урамшууллаа.


“Үндэсний бичиг үсэг–Төрийн албанд” үзэсгэлэнг тавдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүйгээр толилуулж байна. 

Холбоотой мэдээ