Хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй төлөөлөл Орхон аймагт чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-05 14:40:30

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотноо зохион байгуулж буй “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин-Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт VI форум өнөөдөр эхэллээ.


Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахаар хэлэлцэж байгаа энэ цаг үед орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл салбарын ололт амжилт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн сайжруулахаар чуулж байна.


160 гаруй сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн МСНЭ-ийн орон нутгийн томоохон төлөөлөл нь Орхон аймаг дахь салбар зөвлөл юм. Орон нутгийн төрийн байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэхэд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, тус салбарын үүрэг нэн чухал байдаг.


Орхон аймгийн сэтгүүлчид аймгийн Засаг даргын Тамгын газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай жил бүр тогтмол хамтран ажиллаж, төрийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй хурдан шуурхай олон нийтэд хүргэсээр ирсэн юм.


Орхон аймагт 5 телевиз, орон нутгийн тогтмол хэвлэл 2, 10 гаруй мэдээ, мэдээллийн цахим сайт үйл ажиллагаа явуулж байна.




Холбоотой мэдээ