Д.Алтанхуяг “Гавана балет” олон улсын фестивальд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-11-02 15:22:27

Куба Улсын нийслэл Гавана хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 6-ны хооронд болж буй “Гавана балет” олон улсын фестивальд МУГЖ, УДБЭТ-ын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг улсаа төлөөлөн оролцож байна.

Хоёр жил тутам зохион байгуулдаг “Гавана балет” фестиваль нь балетын ертөнцийн томоохон арга хэмжээний нэг бөгөөд энэ удаагийн фестивальд Бельги, Бразил, Канад, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ, ОХУ, Монгол зэрэг 16 улсын шилдэг балетчин оролцож байгаа аж.

МУГЖ Д.Алтанхуяг фестивалийн үеэр алдарт “Le Corsaire” бүжгэн жүжигт Кубын балетын үндэсний театрын гоцлол бүжигчин Жинетт Мончотой хамтран гоцлон бүжих юм.

Дэлхийн шилдэг 8 балетчны нэг, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин Д.Алтанхуяг нь өнгөрсөн онд Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон бөгөөд сонгодог урлагийн салбарт гаргаж буй амжилт, бүтээлүүдээрээ улсынхаа нэрийг олон улсын тавцанд өргөж яваа уран бүтээлч билээ.

Б.Туул

Холбоотой мэдээ