АРХАНГАЙ: Номын баярт Улаанбаатар хотоос 33 зохиолч ирж оролцлоо

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-05-07 16:14:06

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эерэг цөм” ТББ, түүний дэргэдэх “Ном бол цөм” номын клубийн залуус анх удаа “Архангай-Номын баяр-2025”-ыг санаачлан, энэ сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа.


Номын баяраар “Илүү их уншъя”, “Номын соёлыг түгээе”, “Номтой нөхөрлөе”, “Мэдлэг бүтээе” гэсэн уриан дор хүүхэд багачууд, залуус, уншигчид, иргэдийг оролцуулан, хоёр өдөр Г.Дэмид жанжны талбай, Тамир кино театрт зохион байгуулсан юм. Хүүхдүүд хөгжилдөн шуугилдаж, авьяас билгээрээ уралдаж, зохиолчидтой уулзан, гарын үсэг зуруулж, ном сонгож авах боломжийг нээсэн, ач холбогдолтой өдрүүд өнгөрлөө.


Номын баярт зохиолч, яруу найрагч Д.Ганбаатар, Д.Батбаатар, Ж.Амгаланбаатар, Ж.Оюунцэцэг, Ж.Байгальмаа, Ч.Чагнаадорж, Ц.Болормаа, Н.Уранзаяа, О.Өнөрцэцэг, П.Наранбаатар, Б.Урангоо нарын 33 зохиолч, яруу найрагчид зорин ирж, хүүхэд багачуудад төдийгүй урлаг, уран зохиол, сэтгэлзүйн олон төрлийн номтой ирж, үзэсгэлэн худалдаанд оролцсон юм.


Тус өдөр “Үндэсний бичгийн өдөр” таарч, “Үндэсний бичгийн уралдаан”, “Үндэсний бичгийн үзэсгэлэн”, “Зураачийн бүтээл, үндэсний бичгийн хосолсон үзэсгэлэн”, “Үндэсний бичгээр бэлэг дурсгалын хуудас бичиж өгөх” зэрэг үр бүтээлтэй давхар баяр болж, нутгийн хүүхдүүд идэвхтэй оролцсон юм.


Мөн яруу найргийн Open mic, номын тэмдэглэл хөтлөх уралдаан, рубик шоо болон даамны тэмцээн, дууны Open mic зэрэг хөгжилтэй, бодлоготой, авхаалж шаардсан уралдаан тэмцээнүүдэд олон хүүхэд багачууд, залуус оролцсон юм.