Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-07 21:43:05

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар энэ сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч энэ сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.


Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.


Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм.

 



Холбоотой мэдээ