АРХАНГАЙ: Эрүүл мэндийнхээ төлөө алхах аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-08 17:20:07

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн өглөөний алхалт” аяныг Архангай аймагт энэ сарын 7-ны өглөө эхлүүллээ.


Тавдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх алхалтын аяны нээлтийн үйл ажиллагаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын албан хаагчид, иргэд гээд эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч 400 гаруй иргэн Г.Дэмид жанжны талбайд цуглаж идэвхтэй оролцлоо.


Энэ өдрийг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар жил бүр улс орон даяар зохион байгуулдаг.

Зорилго нь явган алхалт, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдлыг сурталчлах юм.


Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Магадгүй таныг эрүүл мэндийн үзлэгт ороход эмч танд явган алхахыг зөвлөвөл битгий гайхаарай. Эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үүний төлөө та төлбөр төлөхгүй, мөн гаж нөлөө үзүүлэхгүй юм.


Явган алхалт бидний эрүүл амьдралын баталгаа юм. 


Холбоотой мэдээ